МҮЭХ Төрийн ордонд ”хөл хорио” тогтооно

Үнийн хөөрөгдлийг зогсоох гурван талт хэлэлцээр хийе гэсэн МҮЭХ-ны шаардах бичгийг Засгийн газар хүлээж аваагүй. Идэр есийн хүйтэнд иргэд жагсаж байгаа ч Төрийн ордноос нэг ч хүн гарч ирж тэдний үгийг сонсоогүй. Нэгэнт ажлаа өгөх нь тодорхой болсон АН-ын сайд нарыг чөлөөлөх эсэх талаар хэлэлцэж хамраа ч цухуйлгаагүй. Тиймээс бямба гарагт МҮЭХ-ныхон дахин шаардах бичиг хүргүүлсэн. Тэдний бичгийг мөн л Засгийн газар хүлээж авалгүй, ордны харуулууд  хашаанаасаа гаргаж шидсэн юм. Энэ мэт үл тоомсорлосон, дээрэнгүй хандаж байгааг нь эсэргүүцсэн МҮЭХ, тус холбоог дэмжиж буй хүмүүс өнөөдөр бүтэн өдрийн турш ямар нэгэн хариу өгөх хүртэл Төрийн ордны дөрвөн хаалгыг хаан зогсож “хөл хорио” тогтоохоор болсон байна. Тэд ордон руу орох хүмүүсийг хорихгүй ч буцааж гаргахгүй гэж мэдэгдэв. Харин мэдээлэл дамжуулахаар Төрийн ордон руу орсон сэтгүүлчдийг чөлөөтэй оруулж, гаргах юм байна. МҮЭХ-ны жагсаал зохион байгуулагчид өнөөдөр дахин шаардах бичгийг авахгүй гэпвэл эсэргүүцлээ улам чангаруулна хэмээн мэдэгдсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих