Цагдаагийн албан хаагчид галаас таван хүүхэд аварчээ

3651Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар 2019 оны 05 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр байрлах байрны орцноос утаа гарч байгааг мэдэж, дотогш орж шалгахад 03 тоотод оршин суух иргэн Д.Мөнхсүхийн гэрт таван хүүхэд угаартсан байдалтай байсныг илрүүлэн амь насыг аварчээ.

Иргэн Д.Мөнхсүхийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, улмаар унтаж  байсан таван хүүхдийг утаажилтийн  бүсээс гаргаж,  эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. Тухайн үед иргэн Д.Мөнхсүхийн дөрвөн хүүхэд, тэдгээр хүүхдүүдийг харж хонож байсан хамаатны нэг хүүхэд байжээ.

Хүүхдүүдийн эцэг Д.Мөнхсүх нь Хөшөөтийн уурхайд нярав, эх Д.Нямсүрэн нь Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт операторын ажилтай бөгөөд Д.Мөнхсүх Цэцэг суманд ажилтай, Д.Нямсүрэн жижүүртэй байсан байна.

Одоогийн байдлаар  хүүхдүүдийн  биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж  байна гэж Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдэгдлээ.

Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрдэнэт таван хүүхдийн амь насыг авран  хамгаалж ажилласан тул Ховд аймгийн Онцгой байдлын газар, гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих