Ц.Нямдорж: Хууль биелүүлэхгүй байгаа хуульчдын талаар цаашдаа ч ярина

8f4b8b3075101e8a8a8549d5e9f5a545УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэхдээ Засгийн газраас гарсан тодорхой шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх зохицуулалтыг тусгасан юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өглөө.

-УИХ-аас шүүхийн хараат бус байдалд халдсан шийдвэр гаргав уу?

Үндсэн хуулийн цэц 2005 онд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт хүчинтэй байгаа. Үндсэн хуулийн цэцийн ийм шийдвэр байсаар байтал захиргааны шүүх хууль зөрчиж, шийдвэрлээд байхаар нь санал оруулсан. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй гэсэн томъёололтойгоор батлагдсан. Бусад маргаантай асуудал захиргааны шүүхээр хянагдана.

Шүүх дураараа авирлаж, Үндсэн хууль зөрчиж байгаа нь УИХ-ыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй.

-Та сүүлийн үед шүүх засаглалыг их шүүмжилдэг болсон. Хуульзүйн сайдын энэ шүүмж шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх үү?

-Би шүүхийг шүүмжилж байгаа нь үнэн. Шүүмжлүүлэх зүйлийг өөрсдөө хийж байгаа. Шүүх, хуулийн байгууллага нэр төртэй байя гэвэл өөрсдөө хууль бус зүйл хийдгээ болих хэрэгтэй. Шүүгчийг би биш ерөнхийлөгч томилдог. Хуульзүйн сайд шүүхийн дотоод асуудалд оролцох ямар ч бололцоо байдаггүй.

-Иргэд шүүхэд итгэхээ болилоо?

-Ийм юм хийгээд байгаа юм чинь нэр хүнд нь унахаас яадаг юм. Жишээ нь, Содномдаржаа, Чимгээ нарын талаар би ярьж эхлээгүй бол хэн ч ярихгүй байсан. Энэ үнэн биз. Би энэ асуудлыг шүүхээс шийдвэрлэгдэхээс өмнө “наадах чинь худлаа” гэж мэргэжлийн хүний хувьд ярьж байсан. Үг аваагүй. Эрүүдэн шүүдэг, баримтгүй ял тулгадаг. Хуулийн байгууллагын нэр хүнд унана гээд би чимээгүй сууж байгаад хилсээр шийтгэгдсэн хүмүүс цаазлуулах юм уу. Тагнуулын байгууллага нэр хүнд уналаа л гэх юм. Нарийндаа байгууллагын нэр хүнд уналаа гээд хохирдоггүй. Харин хүний амьдрал ингэж хэлмэгдэж хохирох нь ганцхан амьдрах насанд хамгийн аюултай зүйл. Шүүмжлэлээс хол байя гэвэл хуулийнхан ажлаа зөв хийх хэрэгтэй. Хууль биелүүлэхгүй байгаа хуулийн байгууллага, хуульчдын тухай би цаашдаа ч ярина.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.