Ц.Нямдорж: Би шүүхийг шүүмжилж байгаа нь үнэн, шүүмжлэх юмыг өөрсдөө хийж байна

272

УИХ-ын ээлжит чуулганаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан.

Уг хууль батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “2005 онд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гээд дүгнэлт гаргачихсан. Тэр нь хүчинтэй байгаа. Энэ бол Үндсэн хуультайгаа ижил баримт бичиг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байсаар байтал Захиргааны шүүх хууль зөрчиж, асуудал шийдвэрлээд байсан учир УИХ энэ асуудлыг авч хэлэлцээд, УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээ гаргасан. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн томъёололтойгоор батлагдаж байгаа. Бусад маргаантай асуудал Захиргааны шүүхэд хянагддагаараа хянагдана. Үүнийг улстөржүүлж дайраад байна. Үндсэн хуулийг биелүүлэх ёстой биздээ. Шүүх дураараа авирлаж, Үндсэн хуулийг зөрчөөд байгаа явдал нь УИХ ийм шийдвэр гаргасан гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. Тодорхой маргааны асуудлаар Үндсэн хуулийн цэц 2005 онд бид ийм дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг биелүүлэх ёстой гэсэн бичгийг хүртэл Дээд шүүхэд явуулж байсан. Гэтэл зөрөөд л асуудлыг шийдэж байсан. Үндсэн хууль, цэцийн шийдвэр зөрчиж шийдсэн” гэв.

Мөн тэрээр шүүх засаглалын талаар, “Би шүүхийг шүүмжилж байгаа нь үнэн. Шүүмжлэх юмыг өөрсдөө хийж байна. Тиймээс чимээгүй өнгөрөхгүй. Шүүх хуулийн байгууллага өөрсдөө нэр төртэй байя гэвэл өөрсдөө хууль бус зүйл хийдгээ болих хэрэгтэй. Шүүхийг Ерөнхийлөгч томилдог. Миний хувьд шүүхийн дотоод асуудалд оролцох ямар ч боломжгүй. Шүүхийн нэр хүнд унахаас өөр аргагүй байдалд байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг би ярьж эхлээгүй бол хэн ч ярьж эхлэхгүй байсан. Энэ бол туйлын үнэн. Би шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад нь л хуулийн байгууллагынханд хэлж байсан. Наадах чинь худлаа, гүтгэлэг гэж хэлсэн. Гэтэл үг хүлээж аваагүй. Би мэргэжлийн хувьд ярьсан. Шүүмжлэлээс хол байя гэвэл хуулийн дагуу зөв, шударга ажилла. Прокурорын байгууллага хяналтаа зөв тавь. Ямар ч үед хяналтаа тавьж явах ёстой байсан. 400 хоног хоригдож байхад прокурор юу хийж байсан бэ” хэмээн ярьлаа.


URL:

Сэтгэгдэл бичих