Ойр ойрхон нөхөн сонгуульдаж, орон нутгаа хөгжүүлье

3708

Д.ГАНТУЛГЫН СУЛЛАСАН ТОЙРОГТ ГАЛ ГАРСАН ТУЛААН БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА

Сонгуулийн зурхай гэхээр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд болох нөхөн сонгууль санаанд бууж байна уу. Гэхдээ зурхайд тэнд хэн нэр дэвшээд, хэн сонгогдох тухай буугаагүй. Зурхайтай зурхайгүй нэр дэвшигчид тодорхой байна.

Харин нөхөн сонгуулийн ачаар Хэнтий аймгийн тулгамдсан асуудлуудыг /тулгамдаагүй байсан ч хамаагүй/ хэзээ хэзээнийхээс илүү анхаарч, шийдэж өгөх юм байна гэж зурхайд буулаа.

Хэнтийн нөхөн сонгуулийн санал авах өдөр нь зургадугаар сарын 30. Нийт 11 нам тус сонгуульд оролцох батламжаа аваад буй. Сонгуулийн хуанлигаар бол энэ сарын 31 гэхэд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодрох ёстой ч наана нь хэдийн тодорхой болж, сурталчилгаа нь ч албан бусаар эхэлчихлээ.

Нөхөн сонгуульд оролцох намууд батламжаа авснаас хойших ердөө долоо хоногийн дотор Хэнтий аймгийн төв дэх театрын царцсан барилга “гэсэж”, балгас болоод удаж буй дулааны цахилгаан станцыг шинэчлэх хүсэл биелж, хажууд нь уул уурхайн музей болон сургалтын бааз босохоор болчихлоо.

Сюрприз үүгээр дуусахгүй, дадал сумыг аймгийн төвтэй холбосон хатуу хучилттай 265 км замыг барих төсвийн мөнгө ч хэдийн шийдэгдсэн.

42 дугаар тойрогт багтдаг гурван сумын сонгогчдын 48 хувь нь Д.Гантулгад саналаа өгсөн. 

Жаргалтхаанд 47 жилийн өмнө баригдсан сургуулийн барилга хуучирч муудаад, хэзээ мөдгүй нурах гэж байж. Нөхөн сонгуулийн ачаар түүнийг нь “олж мэдээд” шинээр барихаар болсон бөгөөд хүрэлцдэггүй байсан эрчим хүчний чадлыг нэмэх мөнгийг нь ч цохчихлоо. Ерөнхий сайд үүнд шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэх үүргийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд “газар дээр” нь өгсөн шүү. Жаргалтхааныхан шийдүүлж авсан томоохон асуудлуудыг л энд дурдаж байна. Шинэ фургон автомашинтай болсон гэх мэт жижиг сажиг бас бус зүйл бий бий.

Мөрөн сумынхан ч хоосонгүй. Газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ Мөрөнд таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар болов. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулна гээд бод доо. үгүй мөн сайхан аа.

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, түүнийг нь парламент баталж байв.

“Залуу хүн нэг удаа алдаа л биз” гэж дотогшоо нэг өмөөрч, “за бас дэндүү юм” гэж гадагшаа нэг зэмлэсээр энэ парламентын түүхэн дэх хамгийн залуу гишүүнээ намын ах, эгч нар нь явуулсан нь 2018 оны зургадугаар сар. Түүнээс хойш Хэнтий аймгийн төвийн гурван сум төрд төлөөлөлгүй нэг жил болсон байна.

42 дугаар тойрогт багтдаг гурван сумын сонгогчдын 48 хувь нь Д.Гантулгад саналаа өгсөн. Гэвч тэр итгэлийг даасангүй, хүчингийн хэрэгт холбогдож хэнтийнхний сэтгэлийг гонсойлгов.

Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоныг завшаан болгож бичих нь хаашаа юм, гэхдээ л тус тойргийнхон түүнд баярлах хэрэгтэй. Хэрэв нөхөн сонгууль болоогүй бол дээрх бүх сайхан зүйл шийдэгдэлгүй асуудал хэвээрээ л үлдэх байсан шүү. Д.Гантулга өөрөө байгаад ч энэ мэт том том асуудлуудыг шийдүүлж чадахгүй байсан гэдэгт барьсан ч алдахгүй.

Эндээс харахад ард түмний элчийн үүргээ умартсан гишүүдийг эргүүлэн татаад, ойр ойрхон нөхөн сонгууль хийгээд байвал орон нутгийн орхигдсон асуудлууд нүд ирмэх зуур шийдэгдэх юм биш үү. Санааны зоргоор болдогсон бол юуны өмнө аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд сүүл мушгидаг Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган зэрэг аймгуудад нөхөн сонгууль явуулах хэрэгтэй.

1997 онд анх удаа Завхан аймгийн 21 дүгээр тойрогт нөхөн сонгууль болжээ. Үүнийг УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан Н.Багабандийн орны хүнийг сонгохын тулд зохион байгуулсан юм.

Хэнтийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад Засгийн газрын нөөц сангаас 280 орчим сая төгрөг зарцуулж байгаа. Мөн зохион байгуулалтад өдий төдий төрийн албан хаагчид дайчлагдан ажиллана гээд төвөг чирэгдэл учруулж байгаад иргэд бухимдаж буй. Бас Хэнтийнхэн нутгийн нэр хүнд унагалаа гэж Д.Гантулгад их л дургүй байх болсон гэдэг. Гэлээ гээд яахав, нөхөн сонгуулийн ачаар өчнөөн асуудлаа шийдүүлж, улс төрийн томоохон намуудын лидерүүд танай нутагт “хайр зарлаж” байгааг нь бодолцоод дахин УИХ-д сонгодоггүй юм аа, уураа гаргахаа л байчих. Товчхондоо хэн ч ялсан ялгаагүй болж байгаа нь л чухал шүү дээ.

Ардчилсан чөлөөт сонгуулийг хийдэг болсноос хойш Монгол улсад хэд хэдэн удаа нөхөн сонгууль болж байсан.

1997 онд анх удаа Завхан аймгийн 21 дүгээр тойрогт нөхөн сонгууль болжээ. Үүнийг УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан Н.Багабандийн орны хүнийг сонгохын тулд зохион байгуулсан юм. Тус сонгуульд МАХН (одоогийн МАН)-аас нэр дэвшсэн, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 72.6 хувийн саналаар УИХ-ын босгыг хоёр дахиа давсан түүхтэй.

Тэрбээр үргэлжлүүлэн тасралтгүй дөрөв дэх парламентынхаа нүүрийг үзсэн бөгөөд 2005 онд гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ-д нэг суудал эзгүйрсэн юм. Баянгол дүүргийн 65 дугаар тойрогт явуулсан тус сонгуульд нийт зургаан хүн нэр дэвшсэнээс УИХ-ын дарга асан, тухай үед хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд 77.1 хувийн саналаар илүүрхэж байлаа.

Хамгийн сүүлд буюу 2009 онд явуулсан сонгууль ч парламентын гишүүн төрийн тэргүүнээр сонгогдсонтой холбоотой. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн УИХ-д үлдээсэн суудлын төлөө нөхөн сонгуулиудын түүхэн дэх хамгийн олон буюу найман хүн өрсөлдөж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт ялалт байгуулсан билээ.

Харин 1998 онд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн аймшигт хэргийн дараа зохион байгуулсан нөхөн сонгуульд түүний төрсөн дүү с.оюун нэр дэвшин сонгогдож байлаа.

2001 онд нисдэг тэрэгний ослоор өөд болсон Ш.Отгонбилэг агсны тойрогт болсон нөхөн сонгуульд түүний эхнэр, одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ээж Д.Туяа ялалт байгуулж байв.

• Ард түмний элчийн үүргээ умартсан гишүүдийг эргүүлэн татаад, ойр ойрхон нөхөн сонгууль хийгээд байвал орон нутгийн орхигдсон асуудлууд нүд ирмэх зуур шийдэгдэх юм биш үү.
• Д.Гантулгын сулласан тойрог дээр болж буй сонгуульд хүчтэй, бяртай, нөлөөтэй улстөрчид өрсөлдөж байгаа гэдэг утгаараа гал гарсан “тулаан” болно гэдэг маргаангүй.
• Нөхөн сонгуульд оролцох намууд батламжаа авснаас хойших ердөө долоо хоногийн дотор Хэнтий аймгийн тулгамдсан асуудлууд илбэдүүлсэн юм шиг л шийдэгдэж байна.

2002 онд төв аймгаас сонгогдсон С.Гончиг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тус тойрогт болсон нөхөн сонгуулиар хотын дарга асан Су.Батболд парламентын босгыг давж байсан юм билээ. Тэгвэл 2006 онд хөвсгөлөөс сонгогдсон О.Энхсайхан агсан өөд болсны дараа өнөөгийн шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн сонгуульд ялалт байгуулж байв.

Эндээс харахад нөхөн сонгуулиуд төрийн тэргүүнээс сонгогдсон эрхмүүдийн суудлыг бөглөхийн төлөө гурван удаа болсон байна. Мөн ослоор, өвчнөөр, цаг бусаар өөд болсон гишүүдийн тойргийн нөхөн сонгуулиудад тэдний төрөл төрөгсөд, хамаатан садан, ойр дотны нөхөд сонгогддог нь монголчуудын талийгаачдаа хүндэтгэлтэй ханддагийн илрэл гэлтэй.

Харин Хэнтийн 42 дугаар тойргийн хувьд нөхөн сонгууль хийх болсон нөхцөл нь өөр. сайрхаад эсвэл дурсаад байх асуудал биш учраас давтаж хэлээд юугхэв. Харин Д.Гантулгын сулласан тойрог дээр болж буй сонгуульд хүчтэй, бяртай, нөлөөтэй улстөрчид өрсөлдөж байгаа гэдэг утгаараа гал гарсан “тулаан” болно гэдэг маргаангүй. Тиймдээ ч 52 хоногийн дараа болох санал хураалтаас өмнө тэд хэнтийнхэнд өдөр бүр “хайр”-аа илэрхийлж, хаялга өгсөөр байна гэдэг л тодорхой.

Б.Энхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.