Хөгжлийн банкны өмнөх ба өнөөгийн төрх

ZJUYjaxsqcCEgEDk1Манай улс хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор бусад орны жишгийг харгалзан 2011 онд Хөгжлийн банк байгуулсан. Тус банкийг байгуулсан цагаас хойш 2018 он хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд Үндэсний аудитын газраас хоёр үе шаттайгаар аудит хийснээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар танилцуулжээ. Шалгалтын эхний үе шат 2017 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2018 оны гуравдугаар сарын 2, дараагийнх нь 2018 оны аравдугаар сарын 24-нөөс 2019 оны хоёрдугаар сарын 1 хүртэлх хугацааг хамарсан байна.

Шалгалтаар 2011-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгчээ. Харин Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурдав. Тодруулбал, Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс бага хүүтэй байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татсан зэргээс их хэмжээний орлого олох боломжоо алджээ. Хугацаатай хадгалуулсан мөнгөө хугацаанаас нь өмнө татахаар банкны журмын дагуу бага хүү тооцдогийг энгийн иргэд ч мэднэ. Ингэхээр орлогоо нэмэх боломжийг алдах нь дамжиггүй.

Тус банкнаас 2012-2016 онд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 348 төсөлд 1.45 их наяд төгрөгийн зээл олгосон аж. Үүнээс 39.1 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын зээл Хөгжлийн банкны зорилго, зорилттой нийцэхгүй, 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна. Арилжааны банкаар дамжуулан 11 хөтөлбөрт зориулж, нийт 1625 төсөлд 1.16 их наяд төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ 2011 онд баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тодорхойлсон зорилго, зорилтод бүрэн нийцээгүй 1.04 их наяд төгрөгийн 1068 төслийг санхүүжүүлсэн гэнэ. Хөгжлийн банкнаас төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 75 төсөлд 2.54 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 28 төслийн 569.7 тэрбум төгрөг гэрээний хуваарийн дагуу хуваарьт өдөрөө төлөөгүй, хугацаа алдаж төлөх байдал нийтлэг ажиглагдаж байгаа нь зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хангалтгүй хийж, зээлийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны есдүгээр сараас өмнөх болон хойших гэж хувааж үзэх нь зүйтэй. 2011 онд баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд УИХ-ын хаврын чуулганаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг батална гэсэн заалт байсан. Гэхдээ энэ заалтыг нэг л удаа хэрэгжүүлсэн байдаг. Түүнээс хойш Засгийн газрын тогтоолын дагуу төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Энэ нь санхүүжилтийн замбараагүй байдал үүсгэсэн гэж шинжээчид дүгнэдэг юм. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байсан. Тэгвэл Хөгжлийн банканд эргэн төлөх санхүүжилтийг улсын төсөвт тусгахгүй явсан. Тус банкны шинэ удирдлага 2016 оны есдүгээр сард томилогдов.

Ингээд Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон зээлийг Засгийн газарт шилжүүлж, Хөгжлийн банкны балансыг цэвэрлэх, хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, бие даасан байдлыг нь нэмэгдүүлэх ажил эхэлсэн байдаг. Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг Сангийн яаманд шилжүүлснээр олон төсөвтэй үйл ажиллагаа явууллаа гэх шүүмжлэл эцэс болж, Хөгжлийн банкны баланс “эрүүлжсэн”. Хууль, эрх зүйн орчныг нь шинэчилснээр УИХ, Засгийн газрын зааврын дагуу ажиллахаа больж, арилжааны, үр ашигтай төслийг санхүүжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Товчхондоо, Хөгжлийн банк үр ашиггүй, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээ больсон гэсэн үг. Хөгжлийн банкны санхүүжилтийн 60 хувийг нь экспортод чиглэсэн төсөлд зээл олгохоор хуульчилсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг ерөнхийд нь дэмжих хөшүүрэг болгох заалт юм.

Аудитын тайланд холбогдох хууль, журам зөрчсөн үйл ажиллагааны дүнд гурван их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг дурдсан байв. Аудит хийсэн хугацаанд нийт 16 зөрчил, найман алдаа гарснаас хоёр зөрчил нь одоогийн удирдлагатай хамаатай гэнэ. Харин бусад 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой аж. Сангийн яам 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банканд төгрөгөөр байршуулсан байна. Ингэснээр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарчээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн явдал гэнэ. Өмнөх удирдлагын үед арилжааны банкаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээл олгосон нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчжээ. Өмнөх удирдлагын үед гарсан иймэрхүү алдаанууд Хөгжлийн банкны үйл ажиллагааг одоо ч хойш чангаасаар байгаа юм. Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь 2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнтэй давхацдаг. Иймээс Монгол Улсын Хөгжлийн банкны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлуудыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа билээ.

Шинээр томилогдсон удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкийг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүргийг Засгийн газраас өгсөн. Засгийн газрын 2016 онд банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн дагуу 98 зөрчлийг арилгах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувьтай гарчээ. Зөрчил дутагдлыг арилгах олон ажил хийж байгаагаа Хөгжлийн банкныхан дуулгасан. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгөө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсгөж, 4.2 их наяд төгрөгт хүргэсэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгөө 1.1 их наяд төгрөгт хүргэжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2.4 тэрбум ам.долларын өр барагдуулсан аж.

Гадаад валютын ханшийн зөрүүнээс 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байж. Тэгвэл өнгөрсөн хоёр жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллажээ. Ингэснээр улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Зээл олголтын дараах хяналт, шалгалт хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлсэн байна. Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж, 6.2 тэрбум төгрөгтэй дүйх гурван зээлд Хөгжлийн банкны талд шүүхийн шийдвэр эцэслэн гарчээ. Хөгжлийн банкны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэгт шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан аж. Түүнчлэн 2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон баталгааг ашиглаж байсан бол өнгөрсөн хоёр жилд 568 сая ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр босгож чаджээ.

Тэднийх Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн газраас баталсан “Ноолуур” болон эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг дэмжин, санхүүжүүлж буй. Тус банкыг томоохон зээлүүдийг санхүүжүүлдэггүй гэж шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр төр болон хувийн хэвшлээс боловсруулсан банкны шаардлага хангах томоохон төсөл, хөтөлбөр байдаггүй. Байгаа зарим нь аман яриа төдий, эсвэл холбогдох шийдвэр нь гараагүй, судалгаа тооцоо дутуу эрэмдэг, зэрэмдэг байгааг өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярьж байсан билээ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг дүгнэхдээ хоёр үе шатанд хуваах нь зүйтэй санж.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин


URL:

Сэтгэгдэл бичих