Хүүхдийн эсрэг гэмт хэргийн цаана нь эцэг, эхчүүд өөрсдөө нуугдаж байдаг

12073_7207414-ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ГАРГАЖ ЧАДДАГ БАЙХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС БҮРЭН ХАМГААЛЖ ЧАДДАГ-

Сүүлийн хэдхэн жилийн дотор хүүхдийн эсрэг гэмт хэрэг их гарч байгаад эцэг эхчүүд халаглан сууна. Тэд хүүхдээ араатны гарт зэрэмдэглүүлэхгүйн тулд бүхнээ хийж байгаа ч ихэнх тохиолдолд гэр бүлийн орчиндоо хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байна. Хүүхдийн хамгийн их итгэдэг, хамгийн их хайр халамж хүртэж, эрүүл өсөж торних найдвартай орчин бол гэр бүл юм.

Гэтэл хүүхдүүд хамгийн их итгэдэг хүндээ, хамгийн айдасгүй байх газартаа хүчирхийлүүлж, дарамтлуулж, эрүүдэн шүүх аргаар сурч боловсрох, хүсээгүй зүйлээ айдас, нулимстайгаар хийх зэрэг байдал гэр бүлийн орчинд байсаар байгаа нь харамсалтай. Гэмт этгээдүүд хүүхдийн гэнэн итгэмтгий зан болон өөрт нь итгэж байгаа байдлыг буруугаар ашиглан бусармаг үйлдлээ гүйцэлдүүлдэг.

Аливаа хэлбэрээр хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг тухай албаныхан мэдээлсээр байна. Үлдсэн цөөхөн тохиолдол нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бусдын гарт зэрэмдэглүүлдэг байна. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлуудын 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэсэн тоо баримт гарч байна.

Энэ нь эргээд гэр бүлийн орчинд хүүхэд хамгаалуулах, эрүүл амьд явах, хайрлуулах зэрэг үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг.

-ҮНЭТЭЙ ГАР УТАС АВЧ ХЭРЭГЛҮҮЛЭЭД ЦАХИМ ТОГЛООМЫН ДОНТОГЧ БОЛГОДОГ-

Үүний хамгийн гол шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй байгаатай шууд холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санааны гүн хямралд орсон хүүхдээс судалгаа аваад үзэхэд аав, ээж нь тэр хүүхийг огт анзаардаггүй байдал нь эргээд хүүхдийг гэмт хэргийг золиос болгох, өөрөө гэмт хэрэгтэн болох, ямар нэгэн буруу зуршилд автах зэрэгт хөтөлж байдаг хэмээн гарсан байдаг. Эцэг эхчүүдийн анхдагч үүрэг болох хүүхдээ хамгаалах үүргээ төдийлөн ойлгож, бүрэн гүйцэлдүүлж чадахгүй байгаа нь хүүхдийн ирээдүйг үгүй хийж байна.

Хүүхдээ хэрхэн өсөж, ямар хүн болж байгааг, ямар бодол дотроо тээж явааг, юуг ойлгохгүй байгааг, юу хийж чадахгүй, юуг мэдмээр байгаа, юунд илүү сонирхолтой байна, юуг буруу гэж боддог гэх зэрэг маш олон энгийн мэт боловч нарийн асуудлыг эцэг эхчүүд ярилцаж ойлгуулахгүй байгаа нь хүүхдийг хүмүүжилд асар их нөлөөлж буй юм. Аав, ээжүүд орой ажлаасаа ирээд зурагт үзэж байгаад унтаад өгдөг нь хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэх шалтгаан болдог.

Хүүхдээ өөрт нь садаа болгохгүйн тулд утсаа бариулж, цахим тоглоомонд донтогч болгочихоод эргээд “ЧИ МУУ ЗУРШИЛТАЙ” гэх зэргээр харааж зүхдэг. Мөн үнэтэй утас, элдэв тоглоом, хувцас авч өгөөд өөрөөр анхаарал хандуулахгүй, хүүхэддээ цаг гаргахгүй байдаг хирнээ “ЧАМАЙГ БИ ЮУГААР ДУТААСАН ЮМ БЭ?” хэмээн загнадаг нь эцэг эхчүүдийн гаргаж буй хамгийн том гол алдаа юм.

Үнэн хэрэг дээрээ эцэг эхчүүдээс хүүхэд хайр дүүрэн тэврэлт, сайхан үг, үргэлж ярилцаж, хамтдаа шийдвэр гаргаж байхыг л хүсдэг юм шүү дээ. Хүүхэддээ ямар асуудал тулгарч байгааг ярилцаж, ойлгож шийдвэрлэхгүй бол тэр хүүхэд зөв хүн болохгүй бөгөөд цаашлаад нийгэмд гараад ямар үйлдэл хийвэл буруу вэ? гэх үндсэн хүмүүжлээ ч олж авч чадахгүй байдалд эцэг эхчүүд өөрсдөө хүргэсээр байгаа юм.

-ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ГАРГАЖ БАЙХ НЬ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ОЛГОДОГ-

Хүүхэддээ цаг гаргаж байна гэдэг нь зөвхөн хамт байхын нэр биш. Хамт байхдаа ярилцаж байхыг сэтгэл зүйчид байнга зөвлөдөг. Гэтэл аав, ээжүүд хувцас, авч өгч, хооллоод л болох юм шигээр санадаг нь хүүхдийн хүмүүжүүлэх анхдагч үүргээ биелүүлэхгүй байгаагийн тод жишээ.

Хүүхдээ зөв хүмүүжүүлээгүйгээс үүдэн гэмт хэрэгтэн болох, хар тамхи мансууруулах бодис хэрэглэж эхлэх, цахим тоглоомонд донтох, хулгай хийх зэрэг буруу үйлдэл рүү түлхэсээр байна. Хүүхэддээ цаг гаргаж, анхаарал хандуулаахгүйгээс болж, бусдын гэрт эрэмдэглүүлж амь нас, бие махбодь, сэтгэл санаагаа шороотой хутгаж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн цаана эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй болох нь хуулийн байгууллагынхны шалгалтаар тогтоогдсоор байдаг. Хүүхдийн гэсэн хамааралтай аливаа төрлийн гэмт хэрэг бүрийн цаана эцэг, эхчүүд өөрсдөө ямар нэгэн хамааралтай байдаг.

Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө хүүхдийнхээ “ЗӨВ ТУСГАЛ” нь байж, анхаарал халамжаа нэн тэргүүнд тавьж, үргэлж үр бүтээлтэй цаг гаргаж байгаарай. Ингэснээр та өөрийнхөө хүүхдийг гэмт хэргийг золиос болгохоос урьдчилан сэргийлэхээс гадна, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байх үндэс нь болох юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.