Рэйвагийн шинэ эринд хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв

8

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.Такаока, “Японы шинэ Эзэн хаан ширээндээ заларч, Рэйвагийн шинэ тоолол эхэллээ. Өмнөх Хэйсэйн он тоолол Монгол орон ардчилсан нийгэмд шилжих үетэй давхацсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа гүнзгийрч, Стратегийн түвшинд хүртэл өргөжин хөгжсөнд баяртай байна” хэмээн тэмдэглэв. УИХ-ын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, “Монгол орны ардчилсан шинэтгэл, шилжилтийн амаргүй цаг үеийг туулахад Японы Засгийн газар, ард түмэн чин сэтгэлээсээ дэмжин тусалсаар ирсэнд бид ямагт талархдаг” гэлээ.

Уулзалтын үеэр Элчин сайд М.Такаока Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, Япон-Монголын сургалтын эмнэлэг байгуулах төслийн талаар хөндөж ярив. Дээрх хоёр төслийн ажилд Японы менежментийг нутагшуулахаар хэлэлцэн тохирсон бөгөөд нээлт нь тун удахгүй болох гэж байгаа билээ.

Ноён Элчин сайд М.Такаока ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хоёр орны өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын талаар мэдээлсэн бөгөөд Японы Гадаад хэргийн сайд Коно Таро энэ сарын дундуур Монгол Улсад айлчлах юм. Энэ үеэр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сургалтын эмнэлгийг нээх аж. Тус эмнэлгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар барьсан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас олгох нэн хөнгөлөлттэй зээл болон шинэ нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлгийн асуудлаар хамтран ажиллаж байсан нь тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр, “Бизнесийн болон ажил хэргийн харилцааны түвшинд итгэлцлийг бэхжүүлэх нь нэн чухал юм. Японы төрийн албанд ёс зүйг ягштал мөрддөг туршлагаар Төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хууль батлан гаргахаар бид төслийг боловсруулсан. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Манай эрдэмтэн судлаачид дэлхийн стандарт, шинжлэх ухааны дэвшилд нийцсэн шинэ бүтээл, судалгааг амжилттай хийж байна. Тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээмж шингээх нь нэн чухал байгаа юм. Тиймээс хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудад хамтран ажиллах өргөн боломж байна. Энэ нь Рэйвагийн шинэ эринд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулах нэг чиглэл болох юм. Хэйсэй эринд Японы тусламж, санхүүжилт голлож байсан бол Рэйва эринд тусламжаас бүтээмж рүү чиглэсэн хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.