Дээд боловсрол хэрэгтэй юу?

1271e56adc19ba2fe3256a43dc44c72aДэлхийн эдийн засгийн форумын үеэр “Баян болон ядуу хүмүүсийн хоорондох ялгаа асар их нэмэгдэж, дэлхийн хамгийн баян найман хүний эзэмшиж байгаа баялаг 3,6 тэрбум хүнийэзэмшиж байгаа баялагтай тэнцлээ.” гэдгийг дурдсан. Ийм хурдтай өргөжин тэлж байгаа орлогын тэгш бус байдал нь нийгмийн гадуурхалд хүргэж, нийгмийн нэгдэл нягтралыг алдагдуулахад түлхэц болж байна. Орлогын хэт ялгаатай байдлыг шийдэх гарц нь боловсрол юм.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭ

Хүмүүсийн орлогын хэмжээ эзэмшсэн боловсролын түвшнээс нь шууд хамаардаг нь \Pastore, Francesco 2010\ судалгаагаар тогтоогдсон. Сургуульд суралцсан жил нэмэгдэх бүрт ихэнх шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд дунджаар 7,2%-оос их хэмжээний үр ашгийг хувь хүнд авчирдаг байна. Түүнчлэн тус судалгаагаар сургуульд суралцах жил нэмэгдэх бүр 35-аас доош насны хүмүүсийн цалингийн хэмжээ 9%-аар илүү байгааг тогтоожээ.

Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) төгсөгчдийн ажлын байрны хэлбэрт томоохон ялгаа байгааг судалгаа харуулж байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 93.7 хувь нь байнгын ажил эрхэлж байхад, энэ үзүүлэлт МСҮТ төгсөгчдийн хувьд 72.1 хувь байна. МСҮТ нь их дээд сургуультай харьцуулахад түр болон улирлын чанартай ажлын байранд шаардлагатай ур чадвараар мэргэжилтэй ажилтныг илүү олноор бэлтгэдэг учраас МСҮТ төгсөгчдийн дунд түр болон улирлын чанартай ажил эрхлэгчдийн хувийн жин өндөр 14.0 хувь байна гэсэн судалгааг Хөдөлмөрийн судалгааны институт гаргажээ.

Хүн амын тоогоор манай улстай ойролцоо Ирланд улс 2020 он гэхэд нийт ажиллах хүчнийхээ 45%-ийг 4-5 дугаар түвшний, 48%-ийг 6-10 дугаар түвшний, үлдсэн 7%-ийг 1-3 дугаар түвшний болон түүнээс өндөр ур чадвартай болгох зорилтыг өмнөө тавьжээ. Үүний тулд 2020 он гэхэд ур чадвар өндөртэй цагаачдыг татах гэнэ. Тэр дундаа шинжлэх ухаан, инженер, харилцаа холбооны технологи, судалгаа боловсруулалтын ур чадвартай хүмүүсийг илүү чухалчилж байна.

2020 он гэхэд дэлхий даяар өндөр түвшний дээд боловсролтой хүний нөөцийн дутагдал 38–40 сая, техникийн дээд боловсролтой хүний нөөцийн дутагдал 45 саяд тус тус хүрч, харин бага боловсролтой хүний илүүдэл 95 саяд хүрнэ гэдгийг McKinsey Global Institute 2012 онд тодорхойлжээ.

Өнөөдөр хүүхэд бүр бие даасан, өөртөө итгэлтэй, өөрийнхөө “ирээдүйн бүтээлч менежер” болох зайлшгүй шаардлага тулгарч байна. Биеийн хүчний хөдөлмөрийн хэрэгцээ багассаар байгаа өнөө үед боловсролгүйн улмаас ажилгүй, хөрөнгөгүй “доод анги” нэмэгдэх тусам орлогын ялгаа, хуваагдал даамжирсаар л байх болно.

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХҮЧЭЭР ЦӨӨЛӨХ ҮҮ?

Чанаргүй их дээд сургуулиудын тоог цөөлөх шалгалт хийнэ, эрхийг нь цуцална гэж төрийн тэргүүнээсээ эхлээд, салбарын сайд нь сүржин мэдэгдэл хийхэд олон нийт алга ташин хүлээж авах нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой” ижил үйл болох вий. Яагаад гэж асуух байх. Эцэг эх, суралцагчид жил ирэх тусам хэрсүүжиж сайн муу, чанартай чанаргүй сургуулийг ялгаж салгах чадвартай болж, элсээд орсон ч таалагдахгүй бол сургуулиа, хөтөлбөрөө солих, өөрчлөх бүх эрх нь хувь хүнд нээлттэй, дотоодын болон гадаадын сургуулийг сонгох, элсэх арга зам, шалгуураа хэнээс ч илүү мэддэг учир сонголтыг тэдэнд үлдээх нь хөгжлийн зарчим.

2018 оны 9-р сард орон нутгаас ирсэн нэгэн оюутнаас “яагаад энэ их сургуулийг сонгосон бэ?” гэж намайг асуухад “хувийн өмчийн сургууль эзэнтэй тул хариуцлагатай, төрийн сургуулиуд эзэнгүй” гэж хэлэхийг сонсоод үнэхээр өөр үеийнхэн бий болж байгааг ойлгож байсан. Ард иргэдээ, залуу үеэ дутуу үнэлж, дарамт шахалтыг дээд боловсролын салбарт бий болгох нь хүнд суртал, авлига, хээл хахууль, эрх мэдэл, танил талын сүлжээг өргөтгөхөөс өөрийг үл чадна. Тэгээд ч 2019, 2020 онд ЕБС төгсөгчид өмнөх үеийнхээс 1.5-2 дахин бага байх учир зах зээлийн зарчмаараа хөтөлбөр, сургалт сайтай, алсын хараатай, зөв бодлого, менежменттэй сургууль аяндаа ялгарч хөгжинө.

2015 оны 4-р сард олон улсад нэртэй судлаачид болох Кай Мин Чен, Жамил Салми нар “Монголын дээд боловсролын шинэчлэл: Урьдчилсан ажиглалт” сэдэвт зөвлөмждөө “Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85-90% нь дээд боловсролын байгууллагад элсэж байгаа нь золтой завшаан бөгөөд энэ нь хүн амыг бүхэлд нь хөгжүүлэх сайн хөрс суурь болж чадна. Энэ боломжийг ашиглан чанартай боловсролоор ирээдүйг туулах чадвартай иргэдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна” хэмээн онцолсон байдаг.

Дээд боловсролын хөгжил нь зөвхөн эдийн засгийн асуудал биш юм. Эдийн засгийн хүрээнд тавьж буй зорилго, зорилтыг боловсролын хүрээний зорилго, зорилттой ижилсүүлэн, нэгдмэл болгох нь чухал. Хойч үе маань хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд урьдчилан таамаглах боломжгүй саад, бэрхшээлийг даван туулах чадвартай, хувийн болон нийгмийн амьдралдаа хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай.

Тэгш бус байдал газар авах эрсдэл нүүрлэж буй энэ цаг үед хүн бүхэнд ижил боломж олгоход дээд боловсрол шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс дээд боловсрол олгох үүрэг нь нийгмийн өөрчлөлт, сорилтод зөвөөр зохицон амьдрах чадвартай иргэнийг суралцахад чиглүүлэхээс гадна ард иргэдэд насан туршийн боловсрол олгох чиглэлээр өргөжиж байна.

Стэнфордын их сургуулийн багш Paul Kim “21-р зуунд бичиг үсэггүй хүн гэж дахин шинээр сурч чаддаггүй хүнийг хэлнэ” гэжээ.

2019 оны 5-р сар

Баавгайн Насанбаяр Ph.D /Боловсрол судлал/

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.