Өмнөговьчуудад бэлэн мөнгө биш газар шороо, ус хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллаж, томоохон бүтээн байгуулалтууд болон орон нутгийн аж байдалтай танилцлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цогтцэций суман дахь орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, хувийн өмчит “Энержи ресурс” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тавантолгойд олборлолт хийж байгаа эдгээр компанийн хувьд зам, тээвэр тулгамдсан гол асуудал болж байгаа аж. Тус нутагт олон жил хүнд даацын машин механизмаар тээвэрлэлт хийснээс хөрс эвдэрч, тоосжилт их болсоор байгаа юм .

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийнхний хэлж байгаагаар, зам тавих асуудалд онцгой анхаарч байна. Зураг төсөл нь бэлэн болсон. Засгийн газраас зөвшөөрөл өгвөл ажлаа эхлэхэд бэлэн аж. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийнхан ч гол бэрхшээл тээврийн асуудал байгааг хэлж байлаа. Тиймээс төмөр зам яаралтай барьж эхлэх, хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаа аж. Мөн боомтыг олон гарцтай болгох асуудал чухал юм. Ачигдсан нүүрс хил дээр хүлээгдэх байдал үүсдэг. Бусад компаниудтай хамтраад гарцыг олон болгох тал дээр хүчин чармайлт гаргаж ажилласан гэнэ.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлснээр, авто зам дахиж барилаа ч тээврийн асуудал хүндрэлтэй хэвээрээ байх учир төмөр замыг аль болох хурдан барьж эхлэх хэрэгтэй байгаа ажээ. “Эрдэнэс Таван толгой“ төсөл Гашуун Сухайт хүртэл хатуу хучилттай авто зам барих зураг төсөл, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгосон нь энэ онд ажилдаа орох аж. Засгийн газрын түвшинд, эхний ээлжинд “Энержи Ресурс” ХХК-ийн тавьсан замтай зэрэгцүүлээд өөр нэг зам тавьж, эсрэг урсгал болгоод нэг замаар нь ирдэг, нөгөө замаар нь буцдаг байх хувилбар зөв юм байна гэж ярилцаж байгаа юм байна.

Харин төмөр замын тухайд , ажил удааширч байгаа. ЗТБХБ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ, төслийн нэг хоёрдугаар шатны ажлаа зэрэг эхлүүлэхээр болсон. Хоёр тийшээ чиглэлтэй замаа зэрэг эхлүүлнэ гэсэн үг. Засгийн газар эхний ээлжинд 55 сая долларын хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн дизайн, зураг төслөө эхлүүлэх мөнгө. Төмөр замын нэг хоёрдугаар шатны төслөө зэрэг эхлүүлээд, зураг дизайныг нь зэрэг хийгээд явахад 250 сая доллар хэрэгтэй гэж тооцоолж байна. “Монголын Төмөр зам” компанийн 49 хувийг хувьчлаад, компаниа томруулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад мөн найдаж байгаа гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төмөр зам барих ажил “заан тугаллах шиг удаан” байна гэж шүүмжиллээ. “2009 онд асууж байхад 2 жилийн дараа ажил эхэлчихсэн байна гэж байсан. Гэтэл өнөөдөр нэг ч төмөр тавиагүй байна. Хөрөнгө мөнгө босгох гэх зэрэг шалтгаанаар цаг хугацаа алдаж, эдийн засгийн хувьд ч, байгаль орчны хувьд ч хохиролтой байсаар байна” гэв.

Ерөнхийлөгч ЭБЭХ-ний Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүсээс эдгээр бүтээн байгуулалтуудын цахилгаан эрчим хүч, усны асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа, шийдэхэд юу саад болж байгаа, ямар гарц байгаа талаар асууж , мэдээлэл авч, зарим үүрэг чиглэлийг өгч байлаа. Тухайлбал усны тухайд, анх 1986 онд Таван толгой нүүрсний ордоос баруун урагш 70 км-т Ханхонгор сумын Балгасын улаан нуурын газрын дор цэвэр усны нөөц тогтоогджээ. Нөөцийн талаар зөрүүтэй тоо баримтууд байдаг. Тухай үед 465 л\с гэж байсан бол 2008 оноос нөөцийг 150 л\с гэж тогтоожээ.

Өнгөрсөн жил Засгийн газраас Балгасын улаан нуурын цэвэр усны ордыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д ашиглуулах шийдвэрийг гаргаж, харин нутгийн иргэдийн хурал орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Нутгийн иргэд бол говь нутагт ховор тохиолдох гайхамшигтай нөөц газар учраас ирээдүйд хүн амын ундны ус хангамжийн чиглэлээр ашиглах ёстой гэсэн бодолтой байдаг.Усны нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа Ерөнхийлөгч, хэрэглэсэн усаа дахин ашиглах, говь нутагт усны нөөц бүрдүүлэх талаар том төсөл хэрэгжүүлэхийг зөвлөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Монгол Улсын төрийн тэргүүнийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаагаа таван үндсэн чиглэлээр ярьж танилцуулав. Уулзалтын үеэр иргэд усны асуудал хамгийн хүнд байгааг хэлж байв. Мөн нүүрс тээвэрлэлтээс гарч байгаа тоосжилт эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар ярьцгааж байлаа.

Энержи Ресурс, Эрдэнэс Таван Толгой компаниудын бүтээн байгуулж буй ажлуудад талархалтай ханддагаа мөн иргэд илэрхийлсэн. Ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийж, хүний тохьтой тухтай амьдрах орчин нөхцөлийг цогцоор нь шийдэж, орон нутгийн иргэдтэйгээ зохицоод ажил үйлсээ явуулж байгаа үндэсний компаниудыг төрөөс дэмжих талаар саналууд хэлж байлаа. Өмнөговьчуудад зарим уул уурхайн компаниас тарааж өгөх бэлэн мөнгө хэрэггүй, харин газар шороо, ус хэрэгтэй байна гэдгийг иргэд хэлж байв.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих