Бизнесийнхний “гуйлт” биелэлээ олох уу

62Хэдхэн хоногийн өмнө бизнесийнхний хамгийн том цугларалт болов. Бизнесийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтарч “Шинэ эдийн засгийн форум” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтдаа Монголын эдийн засгийн тулгамдсан асуудлыг ярилцлаа. Хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчид маань индэрт суугаа төрийн томчуудаас энэ чуулганы үеэр ганцхан энгийн хүсэлтийг тавьж байлаа. Бонд босгож, бага хүүтэй зээл өгөөч гэж хүссэнгүй. Төр засаг бизнесийн үйл ажиллагаанд оролцож, хөрсөндөө буугаагүй шийдвэр гаргаж, чөдөр тушааг багасгаж өгөхийг “гуйлаа”.

Өөрөөр хэлбэл, бизнесийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, явуулах гэж төрийн байгууллагын үүд сахихгүйгээр аливаа зөвшөөрөл, бичиг баримт, бодлого шийдвэрийг цахимжуулж өгөх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.  Арга ч үгүй биз. Өнөөдөр Монгол Улсад 1200 гаруй тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу болон хуулиас гадуур олгож, сунгалт хийх нэрийдлээр аж ахуйн нэгж, хувь хүнд хүнд суртал үзүүлэх байдал гарсаар байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын нэр бүхий 22 гишүүн Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барьжээ.

Ингэснээр  хуулиас гадуур “хурган дарга” нар зөвшөөрөл олгож, дураараа дургидаг байдлыг цэгцлэх юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ганцхан тогтоолоор караоке, бүжгийн клуб ажиллуулах, соёл урлагийн мэргэжлийн сургалт явуулахад тусгай зөвшөөрөл авахаар зааж, ингэхдээ хуульд зааснаас бусад бичиг баримт төлбөр хураамжийг аж ахуйн нэгж, иргэдээс авч байсан тохиолдол ч бий. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин эмх цэгцгүй, давхардал, хийдэл ихтэй байгаагаас болж 100 гаруй хуулиар тусгай зөвшөөрөл олгож байгааг Зөвшөөрлийн тухай  хуульд нэгтгэж зангидах юм.

Үүний үр дүнд өнөөдөр олгож байгаа 1200 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин багасна. Энэ хэрээр аж ахуйн нэгж байгууллагад очих хүнд суртал, дарамт шахалт буурна гэсэн үг юм. Тусгай зөшөөрлийн хугацаа 3-аас 5 жил болж зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг болохоор хуульд заажээ.  Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж зарим зөвшөөрлийг цахимаар авах нөхцөл бүрдэх юм байна. Аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд аль болох саад тотгор болохгүй нээлттэй, ил тод, шударга байх зарчимд тулгуурлж, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилж байгаа аж. Товчхондоо бол, тусгай зөвшөөрөл олгох, сунгах нэрийдлээр иргэн, аж ахуйн нэгжийн халаасыг сэгсэрдэг, нэг байгууллагаас нөгөөх рүү явуулж иргэдийг залхаадаг  байдал тун удахгүй өөрчлөгдөх бололтой. Төрийн оролцоог багасгах бизнес эрхлэгчдийн гуйлт биелэлээ олоход Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн ач холбогдолтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих