Д.Энхмандах: 15 дугаар сургуулийн багш шинжилгээгээр халдваргүй сүрьеэтэй нь батлагдсан

108

ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авч,  38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон болохыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл, олон нийтийг айдаст автуулаад байгаа сүрьеэгийн өвчлөл ганцхан 15 дугаар сургуульд биш бусад сургуулиудад ч гэсэн тархалт өндөртэй байгааг албаныхан онцлоод байгаа юм.

Энэ талаар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ”Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь  харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношлож, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна.Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл,  Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудад хийгдэж байгаа урьдчилсан сэргийлэх үзлэгээр ЕБС-ийн хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа нь тогтоогдоод байгаа юм байна.

Бид урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүрьеэгийн өвчлөл их байгаатай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд Глобал сангийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн идэвхтэй илрүүлгийн баг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 90 сургууль, он гарснаар 14 сургууль дээр эрт илрүүлгийн үзлэг хийгээд байна. Үзлэгт 1-12 ангийн сурагчид, сургуулийн эмч, багш, ажилчид хамрагдаж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг эрчимтэй явуулж байгаатай холбоотойгоор эрт илрүүлэг сайн явж байна. Эрт илрүүлгийн шинжилгээгээр Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулиас халдваргүй сүрьеэтэй 38 хүүхэд, далд хэлбэрийн сүрьеэгийн халдвартай 500 гаруй хүүхэд оношлогдлоо.

-Яг ямар шалтгааны улмаас нэг сургуулийн 500 гаруй сурагч сүрьеэгийн халдвар тээгч болчихсон юм бол. Танайхаас ямар шалтгаантай гэж харж байгаа вэ?

-Сүрьеэг хэн ч тусч болно. Энэ чинь агаар дуслын замаар халддаг өвчин шүү дээ. Судалгаанаас харахад гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэх статистик тоо бий. Хан-Уул дүүргийн 32 болон 15 дугаар сургуулийг 2013 онд нэгтгэсэн юм байна лээ. Ингэснээр хүүхэд, багшийн тоо нэмэгдэж, анги дүүргэлт, хичээлийн ээлж өссөн. Хүн ам ингэж бөөгнөрсөн газар амьсгалын замын өвчин хурдацтай тархдаг. Нөгөө талаар 1970-аад оны үед баригдсан тус сургуулийн агааржуулалтын систем муудсан. Хүйтний улиралд хаалга цонх нээж агаар сэлгэх боломжгүй. Энэ тохиолдолд халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиаж найтаахад хүүхэд, багш нар халдвар авч өвчлөх боломжтой. Агааржуулалтыг сайжруулж, хүүхдийн нягтрал, багшийн ачааллыг багасгах шаардлагатай. Түүнчлэн ХУД-ээс энэ асуудал дээр олон ажил зохион байгуулж байгаагаас гадна витаминжуулалтын аянг өрнүүлж байна.

-38 сурагчийг багшаасаа халдвар авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Тухайн багшид холбогдох бүх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр халдваргүй сүрьеэ гэдэг нь батлагдсан учраас эмчилгээ хийж байна. Тиймээс сүрьеэ өвчний халдвар бусдад тараахгүй гэж ойлгож болно. Хүүхдүүд хэнээс халдвар авсныг мэдэх боломжгүй. Энэ өвчин агаар дуслын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин. Гэтэл сургууль, цэцэрлэгүүдэд агааржуулагч алга, олон ээлжээр хичээллэдэг, нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг. Ийм орчинд халдвар тарах эрсдэл өндөр. Судалгаагаар гурван тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авдаг.

Халдвар авсан, өвдсөн хүүхдүүдийн эмчилгээний талаар мэргэжлийн эмчээс тодруулахад, ”Сүрьеэгийн халдвар авсан гэж оношлогдоод байгаа 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан эрүүл хүүхдүүд. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх гэж байна.  Эмчилгээний талаар эцэг эхчүүдтэй уулзаж, зөвлөлдөж байгаа. Хийгдэх гэж байгаа эмчилгээ нь сүрьеэгийн идэвхгүй байгаа нянг дарангуйлж өгснөөр сүрьеэгээр өвдөх эрсдэлийг бууруулж өгөх юм. Энэ нь сүрьеэгээр өвдсөн хүн уудаг эмнээс даруй дөрөв дахин бага дозын эм ууна. Ер нь сүрьеэгээр өвдсөн хүн дөрвөн хосолмол эм уудаг. Харин хүүхдүүд зөвхөн нэг эм ууна. Гэхдээ элгэнд ирэх ачааллыг нэмэгдүүлж байгаа учир давхар элэг хамгаалах эмчилгээ хийгдээд явах ёстой” гэсэн юм.

 

Т.Гэрэл

Zaluu.com

http://www.zaluu.com/read/35d9513ec

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.