Хар нүүрс дагасан хэцүү амьдрал

112

-Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжжээ-

Өмнгөвь аймгийн Ханбогд сумын Цагаанхаданд хоёр хоногийн өмнө очиж ажиллалаа. Өглөө очсоныг хэлэхүү, ид ажил өрнөж, том тэрэг хөдөлгөөнд орсон байв. Тавантолгойгоос Цагаанхад хүртэлх 230 км замыг их нарийнхан хар замаар явж туулна. Ийм зам дээр хоёр том машин зөрнө гэдэг их эвгүй. Тиймээс энэ жилээс хажууд нь хос зам тавих ажлыг эхлүүлжээ.
Саяхнаас уртын тээврийн рэйс бараг явахгүй байгаа юм байна. Учир нь тээврийн хөлс унасан гэсэн шалтгаанаар жолооч нар алдагдалд орж яваад яах вэ гээд зарим компаниуд машинаа зогсоосон байдалтай байв. Гэхдээ нүүрс тээвэрлэсэн машин мэр сэр явж харагдав. Харин богины рэйсэнд явдаг том тэрэгнүүд Цагаанхад руу орохоор оочер их үүсгэсэн харагдав.
Цагаанхадыг алсаас харахад нүүгэлтсэн их хар тоосонд тэнгэр газар гэж мэдэгдэх юм алга. Хэтрүүлбэл, нүүрс агаарт хийсээд байгаа мэт санагдана.
Төв рүү нь дөхөх тусам бохир орчин, хар тоос тэнгэр баганадаж, нүүрс ачсан урт дараалал үүсгэсэн том тэргүүд ар араасаа зогссон нь галт тэрэг шиг харагдана. Тэр их бохир тоос шороонд хүн олигтой байхын эцэс алга. Тоосжилт, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчээ.
Пад хар хувцастай, хар маск зүүж, өмссөн малгайны цаанаас гялалзсан хоёр нүд, шүд харагдахаас өөр зүйл харагдахгүй юм. Тэднийг “явдаг хар нүүрсүүд” гэж хочлох юм. Ер нь бол хар цамц, өмд, хар малгай, маск зүүсэн хүмүүс.
Уртаас урт дараалал үүсгэсэн том машины хажуугаар ундааны сав, хөглөрнө. Бохир гялгар уут, нойлын цаас агаарт хийсч, толгой дээр “бүжиглэнэ”. Толгой дээр бууж, хувцсанд наалдаж, аманд ороход нэг их гайхах зүйл алга.
Зам дагуу ногоон хувцастай, цагаан малгайтай цагдаа нар хэв журам сахиулж таарах ч тэдний өмссөн хувцас өнгөнөөсөө ялгарах юмгүй тас хар болжээ. Нүд нүүргүй шуурсан шороон шуурганд нүдээ анисан тэд ямар машин явж байгааг ч заримдаа харах сөхөөгүй нөмөр нөөлөг газар бараадаж зогсоно.
Цагаанхаданд 12 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн дунджаар 3 ам бүл тэжээдэг гэхээр 48 мянган хүний ар амьдрал энд өрнөж байна гэсэн үг юм.  Эмэгтэй жолооч нар цөөнгүй. Энд 120 гаруй эмэгтэй ар гэрээ тэжээхийн тулд жолооч том тэрэг барьж, нүүрс тээвэрлэж байгаа гэх.
Ёстой бум бужигнаж түм түжигнэж байна. Яг төвд нь ороо ирэхээр, жижиг тэрэгнүүд холхилдож, мотоцикл, машин унасан эмэгтэйчүүд “Халуун хоол цай, хуушуур байна” гэж хашгирна. Тас хар шороонд дарагдаж өнгөө алдсан Приусийн жолооч нар “Одоо хот гарлаа, нэг хүн байна уу, хоёр хүн байна уу” гэж орилно.
Зам дагуу барьсан гэрүүд яг хөмөрсөн хар тогоо шиг харагдана. Тэр их шуурганд зарим гэрийнх нь бүрээс тэсэхийн аргагүй дэрвэлзэнэ.
Аж амьдралаа бодож, эрүүл мэнд бүх зүйлээ зольж байгаа олон мянган залуус хол газар цөлөгдөж, төрд шоовдордлогдсон байна. Жолооч нарын хэлж байгаа ганц үг нь “Амьдралын төлөө, авгай хүүхдээ тэжээхийн төлөө энд халтайж явна” гэнэ. Ямар ч дүрэм алга. Орчин гэж үнэхээр аймшигтай. Уурхайн амнаас нүүрсээ ачуулж аваад хил гарч байвал болоо гэсэн хандлагаар ажиллаж, өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байна.
Хэдэн хоног оочерлож байж хил гарахаа мэдэхгүй залуус бүх амьдралаа кабинд өнгөрүүлнэ гэдэг үнэхээр эмгэнэлтэй юм. Тав таван алхмын зайтай зогссон том тэргэн дотроо шувуу шиг суух эрчүүд утсаа оролдоно, унтаж амарна, зарим нь хувцсаа угаана, машиныхаа гадаа сууж буу хална, хамтдаа хоолоо хийж иднэ гэх мэтээр аж төрж, ажиллаж байгаа дүр төрхийг харав.
Байгалийн баялагаа урагш зөөвөрлөж гаргаж байгаа тэдний ажлын нөхцөл, орчин яагаад дээрддэггүй юм бол. Хэдэн жил ийм бохир, хүнд орчинд ажиллаж, эрүүл мэнд амь насаараа хохирох ёстой юм бол. Өдөр болгон бараг осол аваар гарч байна.
Үнэндээ бол тэдэнд алсын хараа, төрийн бодлого хэрэгтэй байна. Монгол хүмүүсийн үнэ цэн гэж алга. Холбогдох яам болон Засгийн газрын дарга ирээд “Ажиллах орчныг сайжруулна, замыг нь засварлана. Сайхан болгоно. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулна, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ” гэж попорч байгаад явдаг гэх юм.
Яг үүсээд байгаа нөхцөл байдлыг нь ойлгож зовлонг нь сонсдоггүй талаар жолооч нар гомдолтой байна.
Монгол хүн баян зам дээр ядуу амьдрах ёстой юу
Нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг 170 орчим компани нүүрсний уртын тээврийн үнэ хөлсийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн жишигт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Заасан хугацаанд холбогдох албан тушаалтнуудаас хариу ирээгүй ажээ.
Тиймээс “Баянзам тээвэрчдийн холбоо”, Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо нэгдэн Нүүрсний уртын тээврийн үнийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн  жишигт хүргэхийг анхааруулахаар мягмар гарагт “Эсэргүүцлийн цуваа” жагсаалыг зохион байгуулав.
Өглөө 09.00-13.00 цаг хүртэл үргэлжилсэн тус жагсаал нүүрс тээвэр эрхлэгчдийн дуу хоолой болсон 20 орчим нүүрс тээврийн компаниудын  жолооч нар хүнд даацын машиныхаа дуут дохиогоо хангинуулан цуваанд нэгдсэн юм.
Жолооч нарын тал нь хил талдаа буюу цагаанхад талдаа нөгөө хэсэг нь Таван толгойн уурхайн талбайн тойрогт  ”Тээврийн хөлс үнийг дур мэдэн буулгаж байгааг эсэргүүцэж байна. Монгол хүн баян зам дээр ядуу байна. Өөрчлөе. Монгол Улсын хууль журмыг сахиулья, Тээврийн хөлсийг 110 юан болгохыг шаардаж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Уг жагсаал нь эрх мэдэлтнүүдэд өгч буй анхны сануулга гэдгийг жагсагчдын төлөөлөл хэлэв.
Тавантолгой-Гашуун сухайтын замд 230 км уртын тээвэрт 1 тонн /км -т 70 юань, х  25 км богинын тээврийн үнэ 1 тонн/км-т 160 юан болсон нь үндэсний тээвэрлэгч компаниудад хүндээр туссан бөгөөд ихэнх нь зогсолтод оржээ.
Эх сурвалжийн мэдээгээр 600 орчим хүнд даацын машин өнөөдөр нүүрс тээвэрлэлтэд явж чадахгүй сул зогсолтод оржээ. Тэд ингэж сул зогссоноор олон залуус ажилгүй болж, ар гэрийн амьдрал хэцүүдэх, банкны лизинг, зээл төлөлт зогсч, санхүүгийн алдагдалд орж байгаагаа жолооч нар хэлэв. Тээврийн хөлс ингэж буурсан байхад шатахууны алдагдалд ороод явах шаардлага байхгүй гэв.

Сая төгрөг авахын тулд Хятадуудад гөлөгөөрөө дуудуулж, зодуулж байна
Хоёр их, дээд сургууль төгссөн идэр залуу тэнд том тэрэг жолоодож явна. Хайран сайхан идэр насны залуус минь тэнд зүгээр  ”явдаг хар нүүрс” болжээ.
Идэр насны залууст сайхан амьдрал, гоё мөрөөдөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж байх ёстой. Гэтэл тэд амьдралын төлөө махарч зүтгэнэ. Ямар их саад бэрхшээл, тэвчээрийг туулдаг юм бэ. Тэвчээртэй хүн л хэдэн хоног оочерлож байж хил гарч чадах юм байна. Нэг явалтандаа сая гаруй төгрөгийн цалин авахын тулд манай залуус Хятадуудад гөлөгөөрөө дуудуулж, зодуулж хараалгах бол бүр энүүхэнд.
Ихэнх нь хятад компанийн том тэрэг барьдаг болохоор тийм авирыг нь тэвчээд гардаг талаараа нэгэн жолооч ийнхүү ярив.
Тэрбээр “Би өөрийн гэсэн машингүй. Хятад компанийн машин барьдаг. Нэг рейсэндээ 800 мянгаас нэг сая хүртэлх цалинтай. Гэхдээ тэндээсээ хоол шатахууны зардлаа хасна. Ингэхээр гар дээр бэлэн хэдэн төгрөг ирэх билээ. Хятадууд их зэвүүн шүү дээ. Монголчуудыг хооронд алалцуулж байна. Тэдний машиныг барьж байгаа болохоор гөлөгөөрөө дуудуулж, зодуулах энүүхэнд. Хилийн цаана байгаа олон хашаа дамжиж нүүрсээ буулгадаг тэр үйл явцыг сурвалжлах хэрэгтэй. Энэ Монголын нутаг дэвсгэр дээрээ яахуудээ хэдэн хоног оочерлоод хилээр гарна. Хамгийн хэцүү зүйл нь хилийн цаадахь Хятадууд болчихоод байна” гэв.
Түүний хувьд машиндаа нүүрс тээвэрлэж хашаанаасаа гарч ирээд 300 метрийн зайнд хоёр хонож байгаагаа ч  ярив. Тэгэхээр оочер дараалал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз. Дэлхийг төвхнүүлж эрхшээж явсан эрчүүд минь дээ, ингэж явах гэж, ингэж амьдрах гэж дээ.

Хар зах зээл хөгжжээ
Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжсөн газар бололтой. Нүүрсний цувааг дагаж 10 гаруй мянган хүн суурьшиж худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Тэдэнд зарахгүй юм гэж алга. Есөн шидийн юм зарж борлуулдаг гэх. Үсчин, буудал, караоке, баар гэх мэт нэг дор төвлөрчээ. Бас нөгөөтэйгүүр нууцаар биеэ үнэлэлт их байдаг талаар жолооч нарын төлөөлөл ярьж байна.
Зарим хүнсний дэлгүүрт бараа нь хомс сонголтгүй байх. Дээр нь хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан байгаа нь харагдана. Тухайлбал, он сар нь олон хоногоор өнгөрч хатсан хиам, боорцог боовыг жолооч нар торлож аваад машин руугаа явна. Худалдагч нь “Жолооч нар он сар хардаггүй юм” гэж хэнэггүй хэлнэ.
Жолооч нарын сэргээш гэж нэрлэдэг “Мими” гэх бодисыг ч нууцаар их зардаг гэнэ шүү.
Цагаанхаданд эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ гэж байхгүй. Гэсэн хэдий ч жолооч нарт өндөр үнээр эм тариа зардаг нэг эмэгтэй байна. Бүр монополь бий болгочихсон. Түүнээс жолооч нар эм авах гэж бөөн юм болдог. Толгой өвдөх, ходоод хямрах, үе мөч өвдөх зэрэгт өөрсдөө дур мэдээд эм аваад уучихдаг.
Тэр ч бүү хэл эмнэлгийн үзлэг үйлчилгээнд орж үзээгүй 7 жил нүүрс тээвэрлэж байгаа жолооч ч байна. Тэрбээр бие өвдлөө, жаахан ядарлаа гэхэд тэр эмэгтэйгээс өвчин намдаах эм аваад уучихдаг гэнэ.
ЭМЯ болон Өмнөговь аймгийн эмнэлгийн хамтарсан баг Цагаанхаданд ажиллаж жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Нийт жолоочийн 2400 гаруй нь үзүүлснээс 60 гаруй хувь ямар нэгэн өвчлөл, бэлгийн замын халдварт өвчтэй гарсан байна. Тийм орчинд эрүүл байх үндэс байхгүй юм.

Гуанзны хоол нь 9000-11000 төгрөгийн үнэтэй
Цагаанхадын төв дотор хар нүүрс, утаа униарт дарагдсан гуанз нэртэй гэрүүд олон. Бас жижигхэн дөрвөлжин байрууд бий. Тэдний “Хоолны газар” гэж бичсэн хаяг харагдах эцэсгүй тоос тортгонд дарагджээ.
Бид нэг гуанзанд орлоо. Ширээ нь нуль шороо, цагаан аяганы гаднах тал нь хар. Жолооч нарын хувьд түүнийг тоож байгаа зүйл байхгүй. Хоолны цэсийг нь харлаа, их үнэтэй юм. Жолооч нар ихэвчлэн мобейл банк ашиглаж тооцоогоо хийчихдэг аж. Хоолны порц арвин байвал амт шимт хамаагүй гэж ярина.
Амт чанарын хувьд олигтой, сайнгүй ч их үнэтэй юм. Тухайлбал, 9000-11000 төгрөгийн ханштай. Банштай ногоотой шөлийнх нь баншны мах нь муудчихсан. Ногоо нь үнэр орсон. Мах гэж байхгүй, дан өөх булчирхай хийсэн байхыг нь хэлэхээр тогооч нь хүлээж авахгүй хэрэлдэнэ.
Ажлыг минь ойлгохгүйгээс болж эхнэр хүүхэд минь орхисон
“Ажиллах орчин нөхцөл хүнд болохоос олон мянган айлын ар гэрийг тэжээж байгаа газар даа” гэж ярих жолооч нар ч байна. Ийм орчинд юуны төлөө ажиллаж байна гэхээр “Амьдралын төлөө. Хотод олигтой ажил байхгүй шүү дээ, цалин хөлс ч тааруу. Ар гэрээ тэжээхийн тулд ийм замыг сонгож байна. Гэвч ар гэрийн хүн ойлгохгүй хүүхдүүдээ аваад салсан. Хүүхдүүдээрээ дарамталж надаас мөнгө байнга нэхдэг. Хоёр хүүгийнхээ төлөө ажиллаж байна” гэж жолооч Г.Хуягаа ярилаа.
Гэхдээ олон айлын амьдралыг тэжээж тэтгэж байгаа газар. Олон аавын хүү, ээжийн охин эндээс амь амьдралаа залгуулж байгаа.
Хүнд нөхцөлд ажилладаг эр нөхрүүдээ эхнэрүүд нь ойлгодог байгаасай
Монгол хүн тэр дундаа гэр орондоо ханхайж налайж байх монгол эрчүүдийн үнэлэмж хаа байна вэ. Хөсөр хаягдсан уу.
Урд том тэрэг барьж байгаа гэхээр нэг л их баян хүн байдаг гэсэн ойлголт  олны дунд байдаг бололтой. Үнэхээр хүнд нөхцөлд шөнө унтах нойроо хугаслаж, амрах цагаа харамлан зүтгэж яваа эр нөхрүүдээ эхнэрүүд нь хайрладаг өрөвддөг байгаасай. Хөдөлмөрийг нь үнэлдэг байя. Та нарын идэх хоол, өмсөх хувцасны мөнгийг олох гэж, ар гэрээ аятайхан байлгах гэж тэд амралтгүй зүтгэнэ.
3-5 сар гэрийн бараа харахгүй байгаа хүнийг эхнэр, хүүхэд нь ойлгодоггүй бололтой. Тиймээс гэр бүл салж сарниж байна. Салсан эхнэр нь хүүхдээрээ дарамталж байнга мөнгө нэхдэг гэх залуу ч байв.
Үнэхээр хайртай дуртай, хамтын амьдралаа өөд татахын тулд хар нүүрстэй ноцолдож яваа эр нөхөртөө эргэлтээр байнга эргэж очдог эхнэрүүд байдаг бололтой.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.