“Boeing 737 Max” онгоцны программын шинэчлэлийг хийж дуусжээ

126

ВАШИНГТОН. /CNN/. “Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцныхоо программын шинэчлэлийн хөгжүүлэлтийг хийж дууссан тухайгаа пүрэв гарагт олон нийтэд мэдэгджээ. Энэхүү загварын хоёр нисэх онгоц тав хүрэхгүй сарын хугацаанд осолдож, 300 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн мэдээлснээр, шинэчилсэн программтай “737 Max” загварын нисэх онгоцоор нийт 207 удаа нислэг үйлдсэн ажээ. Ингэхэд 360 гаруй цагийг зарцуулсан байна. Мөн нисгэгчид өөр өөр нөхцөл байдалд хяналтын самбар болон дэлгэцүүдтэй хэрхэн харьцах талаарх мэдээллийг АНУ-ын Нисэхийн удирдах газарт хүргүүлэхээр болжээ.

“Boeing” компани нисэх онгоцны программын шинэчлэлтийн гэрчилгээний хүсэлтийг Нисэхийн удирдах газарт ирэх долоо хоногт гаргах төлөвтэй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард “Ethiopian Airlines” компанийн “737 Max” загварын онгоц Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 157 хүн амиа алдсан юм. Энэ явдлаас тавхан сарын өмнө Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амь насаа алдсан билээ.

Эдгээр осолтой холбогдуулан уг загварын нисэх онгоцны нислэгийг дэлхий даяар түр зогсоосон бөгөөд ослын шалтгааныг MCAS системд гарсан доголдолтой холбоотой хэмээн үзэж, программын шинэчлэлт хийсэн нь энэ юм.

 Эх Сурвалж: Montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.