Хямдралын долоо хоног уу, хямралын долоо хоног уу

Нэг л өглөө босоод ирэхэд навчис шарлаад, намрын дохио өгдөг нь байгалийн жам. Хүмүүс байгалийн араншинг харж, өвлийн бэлтгэлээ хангадаг нь ч амьдралын жам.  Гэтэл манай улсад бас нэг жам нэмэгдчихээд байгаа юм. Нэг өглөө босоод ирэхэд шатахууны үнэ нэмэгдэж, нимгэн хэтэвчтэй хэсэг нь машинаа тавьдаг жам.

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, мах, гурил, будааны үнэ нэмэгдэж, цалин багатай хэсэг нь хоолоо хэмнэж, өмднийхөө тэлээний нүхийг нэгээр ахиулдаг нь ч бас жам болоод байгаа. Энә жил ч болох ёстой юм болдгоороо болов. Гэхдээ хуучин 30 төгрөгөөр нэмэгддэг байсан шатахуун энэ жил 300 төгрөгөөр нэмэгдэв. Тиймээс өргөн хэрэглээний бараа тэр хэмжээнд өссөн. Үнээ нэмээгүй газар гэж алга. Гэтэл энэ хямралын үеэр МҮХАҮТ-аас “Хямралын эсрэг хямдралын долоо хоног” нэртэй аян зарлаж, түүнд 100-гаад байгууллага нэгдэж байгааг дуулгалаа. Өнөө “Харанхуйн дунд өнчин зул гэрэлтэй” гэдэг шүлэгтэй агаар нэгэн байж, хэт их хямрал дунд хэсэгхэн гэрэлтэй мэдээ дуулдсан нь тэр.

Харин яг ачир дээрээ хямдралын долоо хоног, түүнд нэгдэж байгаа байгууллагуудын иргэдэд үзүүлж байгаа хямдрал нь хямралын вирусыг устгах дархлаа болж чадах уу гэдэг нь сонин байгаа юм. Жишээ нь, хямдралын долоо хоногт нэгдсэн байгууллагуудын захаас нь нэрлэе. “Нэкст Электроникс”, Дарсны дэлгүүр, Англи хэлний сургалтын төв, “Өгөөж” компани, ганц хоёр супермаркет, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нэгдсэн байгаа юм. “Корпорейт Нүхт” зочид буудал хоёрдугаар сарыг дуустал буудлынхаа 50 хувь хямдруулна ч гэх шиг. Яс юман дээрээ электрон барааны дэлгүүрийн хямдрал нь шинэ жилийнхээрээ хэвээрээ байгаа юм. Тэгээд ч шинэ жилээр хямдарч шалиагүй шүү дээ.

Автобус унааны мөнгө дийлдэхгүй, махаа худалдаж авч чадахгүй байгаа хүмүүс англи хэлний сургалтад долоо хоног хямдарсан дээр нь суух гээд гүйж байх уу. Дэлхийд алдартай гэж өөрсдийгөө магтдаг “World Wine” дарсны дэлгүүр хямдрал зарлаж гээд гүйж очоод хэдэн арваар нь, хэдэн зуун мянган төгрөгөөр лонх дарс худалдаж авах хүн хэд билээ.

“Говь”, “Гоёо” тэргүүтэй компаниуд юм л болбол 50 хувийн хямдрал зарлаж байдаг биз дээ. Гэтэл хямдралын долоо хоногт нэгдсэн компаниудын дунд нэг ч шатахуун импортлогч, нэг ч гурил үйлдвэрлэгч компани алга. Ганц ширхэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нэгдээгүй байна. Ядаж нийтийн тээврийн газраас ганц өдөр иргэддээ зориулаад 300 төгрөгөөр үйлчилнэ гэж хэлээгүй байна. Ерөөс хүмүүсийн гол хэрэгтэй бүтээгдэхүүнүүд хямдрах шинж алга байна шүү дээ. Харин түүний оронд хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож, хямдрал зарласан нэрийдлээр ашиг олох гэсэн компаниуд нэгдсэн бололтой. Үнэхээр долоо хоног зад хямдруулах гэсэн юм бол хэлсэндээ хүрэх хэрэгтэй биз дээ.

Гэтэл манай аж ахуй нэгж, компаниуд тэгдэггүй шүү дээ. Цахилгаан барааны дэлгүүр гэхэд ус буцалгагчаа арваннэгдүгээр сард үнийг нь нэмж зараад. Шинэ он дөхөхөөр хямдрал зарласан нэрийдлээр үндсэн үнээр зардаг нь хэнд ч нууц биш болоод байгаа. Гол гол хүнсний бараа, автобус унаа, шатахууны үнэ хямдраагүй байхад үүнийг хямдралын долоо хоног гэх үү, хямралын долоо хоног гэх үү.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих