Хусмаа чамласан АН-ыг сөрөг хүчинд тооцох уу?

АН хэдийгээр хамтарсан Засгийн газраас гарсан ч сөрөг хүчин байх эрхээ эдэлж чадахгүй нь. Учир нь УИХ-ын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь

олонх (цаашид “олонхи” гэх) гэнэ”, “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 38 ба түүнээс доош суудал авсан нам, эвсэл, гишүүнийг цөөнх (цаашид “цөөнх” гэх) гэнэ” гэж заасан байгаа 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН 46, АН 27 суудал, ИЗН нэг, МНН нэг, бие даагч нэг суудал авсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулдаг журмаар МАН, AH хоёр тус тусын бүлгийг байгуулан ажилласаар ирсэн. Харин олонх болсон МАН Засгийн газраа дангаар байгуулах эрхтэй ч, энэ удаад хамтарч бүрдүүлэх улс төрийн шийдэлд хүрсэн байлаа.

Тиймээс 2008 оны парламент байгуулагдсан цагаасаа УИХ-ыг ч, засгийг ч хамтарч байгуулсан. Эдүгээ УИХ хоёр дэд даргатай, байнгын хороодыг ч хуваан авч, удирдаж байна. УИХ дахь АН, МАН-ын байгуулсан гэрээнд зөвхөн Засгийн газарт хамтрах бус “Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр буй болгох нөхцөлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор МАХН, АН 2008-2012 онуудад хамтран ажиллахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэсэн байдаг.

Харин эдүгээ Засгийн газраас гарсан АН-ынхан УИХ-д дэд даргын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн гэсэн гурван байнгын хорооны даргын албан тушаалд томилогдож байгаа билээ. Тиймээс тэднийг сөрөг хүчний байр сууринаас харж болохгүй нь ээ. Дээр нь сонгуулийн жил гарчихсан энэ өдрүүдэд энэ парламент ч гол гол хуулиудаа оны өмнөхөн хэлэлцээд баталчихсан. Тиймээс УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд дээр өнөөдөр сөрөг хүчний байр суурь чухлаар тавигдахгүй. АН энэ намрын чуулганы эхэнд хамтарсан засгаас гарахаа мэдэгдсэн бол байдал эсрэгээр эргэх байлаа.

Тэр үед ирэх оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, 2012 оны төсөв, Сонгуулийн тухай хуулийн төсөл ид хэлэлцэгдэж байсан. Дээр нь МАН-ын хэдэн гишүүд АН-ынхантай хамтраад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан байлаа. Ирэх оны төсвийн төсөл, Сонгуулийн тухай хууль дээр сөрөг хүчний байр суурь хүчтэй тусах байлаа. Харин одоо жингийн цуваа яваад өнгөрсөн энэ үед жингэр нохой хичнээн хуцаад ч нэмэргүй гэгч болж байна.

Сангийн сайдаар ажилласан С.Баярцогт манай улс эдийн засгийн өндөр өсөлттэй байгаа гээд дахин дахин мэдэгдэж магтаад байсан. Ард иргэдийн нуруун дээр өдрөөс өдөрт ирж байгаа ачааг бодохоор улам л хүндрээд байгаа нь тодорхой. Эдийн засаг сайжирсныг энгийн иргэд бид мэдрэхгүй л байна. Харин АН-ынхан үүнийг хамтарсан Засгийн газарт эрдэнэсийн санг атгаж байсан болохоороо сайн мэдэрч байгаа байх л даа. Хэрвээ эдийн засаг сайжраад, иргэдийн амьдрал дээшилсэн бол Төрийн ордны төмөр хашааг тойрон гороолж, шатахууны үнээ буулга гээд хахир өвлийн хүйтнээр жагсаад зогсч байх байсан уу, бид.

МҮЭХ-дын Ерөнхийлөгч С.Ганбаатарыг багш нарын цалинг оны эхэнд нэмүүлэхээр жагсахад улс төр хийлээ, ирэх сонгуульдаа бэлтгэж байна гэж үзэх нэгэн байсан. Харин одоо иргэдтэй хамт шатахууны үнэ бууруулахыг шаардаж байгаа С.Ганбаатарыг мөн л улс төр хийлээ гэж үзэх үү. Ер нь өөрсдийнхөө төлөө иргэд С.Ганбаатартай, Ганбаатаргүй жагсаж, төр, засгаас шаардах л болно. АН-ын дарга, Тэргүүн шадар сайдаар ажиллах хугацаандаа Тавантолгойн төслийг ярьсаар, үр дүнг нь иргэд хүртэж амжаагүй байхад ажлаа өглөө. Тэгээд ч өнөөдөр иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших үү 1072 хувьцаа эзэмших үү гэсэн эргэлзээтэй хоцорлоо. Түүнээс гадна дангаар ирэх 536 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгөөр “барьцаалагдаад” байгаа.

Бодлогын болон чиглэлийн асуудал эрхэлж байсан АН-ын хоёр сайдын ярьсан зүйлс амьдрал дээр биеллээ олоогүй байгаа нь өнөөдрийн өнгөнөөс тодорхой харагдаж байгаа юм. Нөгөө талаас өсч байгаа эдийн засаг бүхий саалийн үнээний шим шүлтийг нь хүртээд, өрөм, сүүг нь хамтдаа хуваалцан бор гэдсээ бордчихоод үлдсэн жаахан хусмыг нь чамлан Засгаас гарчихсан АН-ыг хэн сарөг хүчңн гэх билээ дээ, Басхуү хамтарсан Засгийн газарт тооцох хариуцлагаас ч бултаж чадахгүй гэдгийг тэд мэдэж байгаа биз ээ.

Хуулийн дагуу Засгийн газрыг МАН дангаар барих эрх бүрдэж байгаа ч УИХ хамтарсан тодотголоос салахгүй нь. Өөрөөр хэлбэл стандарт Засгийн газартай, стандарт бус парламент богино хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад бүрэн эрхээ дуусгавар болгох нь ээ.

Н.Нягт


URL:

Сэтгэгдэл бичих