“ДҮЛИЙ САЙД”

3841

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Н.Энхболд гэж сайд бий. Монгол Улсын батлан хамгаалахын салбарыг хариуцдаг юм. Төв аймгийнх. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тав дахиа сонгогдон ажиллаж байгаа дархан түшээ. Уг нь тэрбээр МАН сөрөг хүчин явсан 2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын алдаатай бодлоготой холбоотой хаа нэг дуугардаг байв. Тэр нь бас ч гэж дорвитой хүрдэг байлаа.

Угаасаа харагдах байдал, хувь хүн нь тийм л юм, телевизээр гарахдаа олон нийтэд тэгж л нүдлэгдсэн хүн. Гэтэл Батлан хамгаалахын сайд болсноосоо хойш Н.Энхболд сайд огт дуугарсангүй.

Цагтаа цэргийн алба хаагчидтай холбоотой хуулийн төсөл бүрийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж, УИХ-аар батлуулахад голлох нөлөөтэй оролцож байсан тэрбээр таг чиг…

Өмнөх парламентын төгсгөл үед ч, одоо ч. Хувь улстөрчийн, хүнийх нь зан характертай үүнийг холбон харж болох ч эрхэм сайдыг ийм “Дүлий” болтол нь юу өөрчлөв. Үнэндээ Батлан хамгаалахын сайдын албатай Н.Энхболд “Дүлий сайд”-ын тодотгол автлаа үнэлэмж нь буурлаа.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарав. Хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөхгүй боломжгүй гэдгийг хуулийн байгууллагаас өгч байлаа. Хэргийн талаар сошиал орчинд талийгаач цэргийг зодуулж, тамлуулж нас барсан тухай мэдээлэл зургийн хамт хэсэгтээ давалгайлсан. Энэ дагуу Жанжин штабын даргын тушаалаар 336 дугаар ангийн захирагч, нэг орлогчийн чөлөөсөн. Асуудал ингээд л замхрав.

Уг асуудлаар тайлбар авахаар сэтгүүлчид сайд Н.Энхболдыг бүчсэн ч тэрбээр утсаар “ярьсаар” байгаад бултсан нь элдэв хачиргүй тэдний хийсэн, тэгээд түгээсэн бичлэгт хадгалагдан үлджээ. Сүүлд хохирогчийн ар гэрийнхэн Батлан хамгаалах яамны үүдэнд хүүгийнхээ амийг нэхэн жагссан билээ. Асуудал ингээд намжсангүй.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд энэ сарын 1-нд татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор яаралтай хагалгаанд оров. Цэргийн албанд татагдан очсон түүнийг энэ сарын 14-нд онгоцоор Цэргийн төв эмнэлэгт авчирлаа. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч иржээ. Хачирхалтай нь, тэд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэлд гаднын нөлөөгүй шүү” гэжээ.

Намбатай, тулхтай хэмээх тодотголтой болтлоо төр түшсэн Н.Энхболд сайд таг дуугүй л явна. Эсвэл эрхэлсэн салбарт нь үүссэн асуудалд өмнөх шигээ утсаар ярьсан шигээ хандахаар төлөвлөсөн юм болов уу мэдэхгүй.

Гэхдээ амиа алдсан цэргийн асуудал намжаагүй байхад, ердөө дөрөвхөн сарын давтамжтай дахин нэг алба хаагч бэртсэн нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тайлбар шаардахад хүргэж эхэллээ. Цагтаа цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлыг сайжруулахад гар бие оролцож явсан Н.Энхболд сайд хүний эрх, цэргийн алба хаагчидтай холбоотой асуудал үүсэх бүрт чимээгүй, бүр дүлий царайлах болсон нь даанч жигтэй биш гэж үү.

С.Сүлд

24TSAG.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.