Ц. Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг

3899

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.