С.Эрдэнэ:Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ

download (1)УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэл ажил явагдаж байгаа энэ үед нэр бүхий иргэд ҮХЦ-д  хандаж УИХ-ын  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоол,  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Харин АН-ын зүгээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, ҮХЦ-ийг улс төрийн захиалгаар асуудалд  хандахгүй байхыг анхааруулсан бичиг явуулсан. Иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх ҮХЦ-ийн  дунд суудлын хуралдааныг энэ сарын 27-ны өдөр хийхээр товлосон. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ҮХЦ маргааныг хэлэлцэхээр боллоо. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Процессийг харахад маш шуурхай явж байна. Өмнөх АН-аас өгсөн асуудлыг одоо хүртэл шийдээгүй. Гэтэл судлаач Д.Ганхуяг гэдэг хүнийг өргөдлийг маш шуурхай аваад маргаан үүсгэхээр болж байна. Д.Гантулга гэдэг хүн өөрөө хуулийн дагуу өргөдлөө өгөөд огцорсон. УИХ хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаад явсан. Д.Ганхуяг гэдэг хүний өргөдөл дээр “үндэслэл шалтгаанаа дурдаагүй” гэж байгаа. Гэтэл тэр хувь хүн үндэслэл шалтгаанаа дурдах албагүй. Хүн нийгэмд дэлгэмээргүй эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Жишээлэхэд, ДОХ өвчтэй байя гэхэд үүний зарламааргүй байна, шууд хэлэхэд хүчингийн хэрэг хийсний улмаас гэж бичих байсан уу. Тэр хэрэг нь тогтоогдоогүй байна. 76 гишүүн бэлгэ дэмбэрлээ бодсон ч гэсэн хүчингийн хэрэг хэлэлцээд сууж байх уу. Улстөрчийн мэдрэмжээр харахад нөгөө талд үйлчлээд эхэлжээ. Эрх баригч МАН 2016 онд амлалтаа биелүүлж чадаагүй. Энэ сонгуулиар хариуцлагаа хүлээх магадлал өндөр байсан учир сонгуулийг явуулахгүй байх арга хэрэглэж байна.

-Засгийн газрын гишүүд авлигын асуудалд холбогдоод байгаа. Сөрөг хүчин асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Би энэ асуудлаар хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Гэхдээ сайд нар нь 10 сая ам.доллар, Францаас авлига авсан зэрэг нь нэр устайгаа тодорхой болоод байна. Шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд нь таг байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгэмд үүсээд байгаа асуудлаар сайд нартаа хариуцлага тооцоогүй. Одоо тайлангаа тавих цаг болсон. Төсөв маш сайн байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэд орсон. 4.4 тэрбум ам.доллараар юу хийснээ энэ эрх баригчид тайлбарлах хэрэгтэй. Сангийн сайд гэж Монголын тэргүүн худалч байна. Өр дараад байна гээд байгаа. Гэтэл өр 4,5 тэрбум төгрөгөөр өссөн. 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн. Худлаа шоудаж, популизм хийдгээ боль.  Х

АН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нийгэмд үүсээд байгаа асуудлаар Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. АН дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй юм байна. Хэн нь шударга ёсны төлөө яваад байгаа юм бэ гэдгээ ард түмний өмнө мэтгэлцье. Өнөөдрийн авлигачид, шударга бус үйлдлээр ариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ.

 shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.