Газ дэлбэрч гамшиг дагуулсаар байх уу

“Хийн түлш дэлбэрсний улмаас иргэд хохирч, эд хөрөнгийн хохирол учирлаа” гэсэн таагүй мэдээлэл олныг цочирдуулсан.

Цаг үеийн байдалтай холбогдуулан энэ сарын 22-ны 23.00 цагийн орчимд Улсын онцгой комиссыг хуралдуулж холбогдох үүрэг чиглэл өгчээ. Үүнд, Улаанбаатар хотоос УМХГ, ОБЕГ-аас мэргэжлийн шинжээчдийн багийг тус аймагт томилон ажиллуулахаар болсон. Мөн уг ослын хор уршгийг яаралтай арилгах, мэргэжлийн дүгнэлтийг шуурхай гарган ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн сумын Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллажээ.

Дэлбэрэлт болсон байранд 72 өрхийн 220 иргэн амьдардаг. Харин тухайн нөхцөл байдал, үүссэн орцонд 32 өрхийн 113 иргэн байдгийг тодорхойлсон байна. Одоогийн байдлаар дөрвөн цонх цуурч, 63 цонх хагарсан, хоёр айлын хана тааз цөмөрсөн, 10 айлын хана цуурсан, 11 айлын хаалга эвдэрсэн аж.

Дэлбэрэлт болсон айлын эд хогшил бүрэн шатаж, нурам болсныг баримтжуулан авчээ. Харин дэлбэрэлтэд өртөж эрүүл мэндээрээ хохирсон 48 настай Ж-гийн нүүр гap, нуруу, цээжин хэсэг түлэгдсэн байна. Тэрбээр түлэгдэлтийн улмаас бөөрний дутагдалд орох магадлалтай гэнэ. Мөн 22 настай Л биедээ 30 хувийн түлэгдэлттэй байгаа аж. Түүний нурууны хэсэг арьс харласан, биеийн байдал хүнд байгаа учир Улаанбаатар хотын Гэмтэл согогийн клиникийн түлэнхийн төв рүү шилжүүлжээ.

Бидэнд ирсэн мэдээллээр онцгой байдлын газрын албан хаагчид тус байрны 6,7,8 давхарын аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Энэ үеэр орцны 25 ширхэг цонхыг шиллэж l, ll, III давхрын мөстөж хөлдсөн шатны хонгилуудыг цэвэрлэж хөлдөлт болон хальтиргаа гулгаанаас хамгаалж үүрэг гүйцэтгэж буй бусад байгууллагын ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар иргэн Б-гийнх таван литрийн багтаамжтай шатдаг хийн бортого хоёрыг хадгалж байсан аж. Үүнээс харахад, иргэд шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглэхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс осолдох нь их байна. Хийн түлш дэлбэрсэн явдал үүгээр дуусахгүй. Одоогоос хэдхэн сарын өмнө цагаан хоолны газарт дэлбэрэлт болсоны улмаас хэд хэдэн хүн хүнд гэмтэл авч эмнэлгийн хаалга сахисан.

Мөн 2009 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Жаргалан” зоогийн газарт газ дэлбэрсэн. Үүний улмаас хоёр хүн хөл болон гарандаа түлэгдэж гэмтэл авсан удаатай. Хийн түлшийг буруу хэрэглэсэн тохиолдолд аюултай. Тухайлбал, хийн баллоны дэргэд цахилгаан хэрэгсэл байрлуулж болохгүй. Тодорхой зайтай тавих хэрэгтэй байдаг аж. Энэ бүхнийг баллонтой хий авчирч өгч байгаа борлуулагч шинээр суурилуулж өгөх бүртээ сануулж, зааварчилгаа өгөх ёстой.

Гэтэл ашиг л олж байвал ард иргэд дэлбэрнэ үү, байна уу гэдэг нь хамаагүй болжээ. Ер нь “Дашваанжил” компанийн хийн түлштэй холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тус компани нь хэрэглээний хийн түлшний 90 гаруй хувийг нийлүүлдэг ч тэсэрч дэлбэрэх явдал тэрнээс их болж мэдэх нь.

Хийн түлшийг хэрэглэгчид нийлүүлдэг хэдхэн компани, бий. Тэднээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь “НИК Газ”, “Дашваанжил”, “Газ сервис”, “Горгаз” зэрэг юм. Эдгээр компаниуд хийн түлшээ ОХУ, БНХАУ-аас импортоор оруулж ирж, улмаар жижиглэн савлах станцуудаараа дамжуулж айл өрх, үйлдвэрт нийлүүлдэг. Иргэдийн хэрэглээнээс шалтгаалж 5-100 хүртэл литрийн баллоноор нийлүүлдэг байна.

ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ТҮЛШИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

Шингэрүүлсэн хийн түлшийн аюулгүй байдлын үүднээс Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавьж ажилладаг байна.

Шингэрүүлсэн нүүрс-ус-төрөгчийн (СЗН8-С4Н100) нэгдлийг шингэрүүлсэн шатдаг хий гэнэ. Орон нутагт экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд болон нийтийн хоолны газрууд, геологийн лабораторийн шинжилгээнд өргөнөөр ашиглаж байгаа аж. Иймд шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах талаар дараах зөвлөгөөг хүргэе.

Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс

• Хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс нэг метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулна
• Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
• Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
• Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
• Хийн тулга (плитка)-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
• Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
• Хийтэй баллон болон плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр (бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт) эргүүлж болохгүй
• Хийн хоолойноос уяа уяж болохгүй
• Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
• Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
• Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
• Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах

Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс

• Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах
• Хийн тоног төхөөрөмжийг унтраах
• Баллоны хаалтыг сайн хаах
• Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх
• Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
• Мэргэжлийн байгууллага буюу 105 дуудлага өгөх

Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс

• Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, cap, өдөр, тэмдэглэгдсэн байна
• Баллоны хаалт ямарч  согоггүй байна
• Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна
• Баллон бүрэн будагтай байх

Хийг тээвэрлэх, хадгалах

• Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ
• Хийтэй баллоныг унагаж болохгүй
• Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хориглоно
• Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална

Дараах баллоныг ашиглахыг хориглоно

• Баталгаажилтын хугацаа дууссан
• Хаах хэрэгсэл бүрэн бус
• Баллоны их биеийн 1/3 нь будаггүй
• Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй
• Металл хийцэд өөрчлөлт орсон
• Хүзүүвч болон суурь гэмтэлтэй

А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.