Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна

289

Монгол Улс юугаар баян, малаар баян. Одоогоор 70 сая гаруй малтай, нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор лавтайяа тэргүүлэх лавтай. Гэтэл хаврын урт өдрүүдэд махны үнэ нь тэнгэрт хадаж, хомсддог нь үнэн.
Энэ жилийн хувьд өвлөөс эхлээд мах хомсдож, Хятадууд малын махыг их хэмжээгээр нөөцөлж байна гэсэн мэдээлэл үнэний ортой болж таарсан. Мах бэлтгэн нийлүүлдэг хэдэн компани монополь байдал үүсгэж, махыг албаар хомсдуулсан байгаа юм.

Тиймээс шинэ мах олдохгүй, нөөцийн махны олдоц тааруу. Нийслэлчүүд нөөцийн маханд оочерлож картын барааны үедээ ч шилжсэн мэт дүр зураг харагдах болов. Нэг хүнд 5кг илүү мах өгөхгүй гэсэн нөөцийн мах нь ч Нийслэлчүүдийн махны хэрэглээг хангаж чадахгүй, хомсдолтой байгаа юм. Ер нь шинэ мах, шинэ шөл ууна гэсэн ойлголт алга.
Томоохон зах худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдээр нөөц болоод шинэ махны олдоц ч хомс байна. Өчигдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн махны лангуу ороход мах бараг зарж байсангүй. Зарим лангуу нь хоосон, хэдхэн лангуун дээр Үхрийн цул болон ястай мах, хонины ястай, цул мах бага хэмжээгээр харагдаж байв. Үнийг нь асуухад үхрийн ястай нь 12500, ясгүй цул нь 14500, хонины ясгүй нь 12500, ястай нь 10500 төгрөг гэж байв. Адуу, ямааны мах огт харагдсангүй. Яагаад байхгүй байгаа шалтгааныг тодруулахад “Ямааны мах бүр ирэхгүй байгаа. Урд хөрш рүү гаргачихсан юм бишүү. Махны ченжүүд байхгүй. Адууны мах ойрд ирэхгүй байна. Ер нь олдоц муутай байгаа” гэв.
Махны худалдаачдаас махны үнэ бууж, тогтворжих талаар тодруулахад “Үнэ буурах эсэхийг мэдэхгүй байна. Хүмүүс бид нарыг үнэ нэмчихсэн юм шиг их уурладаг. Цаанаасаа үнэ нь ийм байхад бид яалтай билээ. Гэлээ ч бид ашгаа гаргахын төлөө жаахан үнэ нэмэлгүй л яах вэ дээ. Цаашдаа үнэ нэмэгдэхгүй байхаа” гэлээ.
Ер нь мах үнэтэй ч олдоц нь муу байгаа талаар худалдаачид өөрсдөө хэлж байна. Ийнхүү мах магнаг болж үнэ нь тэнгэрт “туйлав”. Малаар баян оронд махаа ч худалдаж авч идэж чадахгүй мацагтан монголчууд болжээ гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Уг нь монгол малын махыг амт чанараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэсэн судалгаа бий. Учир нь эргэх дөрвөн улирал, эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон, ургамлын сайн соргогийг иддэг усны тунгалагийг уудаг гэдгээрээ гадаад зах зээлийн анхаарлыг яах аргагүй татаж, Хятадууд их хэмжээгээр нь нөөцөлж, гаргажээ гэх хардлага байгаа юм.
Урд хөршийнхэн манай малын махыг ихэд сонирхоод эхэлсэн. Хятадын тансаг хэрэглээний зах зээл дээр Монгол малын махны  үнэ 20 дахин өссөн гэнэ. Тэндхийн ийм  үнэ эндхийн эрэлтийг урьд байгаагүйгээр нэмэгдүүлжээ. Энэ нь эргээд Монголын зах зээл дээр үнэ хөөргөж, мах ховордох нэг шалтгаан болж болжээ.
Мах магнаг болсон гэх энэ мэдээллийн мөрөөр “Хүчит шонхор” махны зах дээр очиход хөл хөдөлгөөн цөөтэй харагдав. Жижиг тор сугавчилсан настай хөгшнөөс мах хэр үнэтэй байна хэмээн асуувал “Мань мэтийн тэтгэврийхэнд махны үнэ үнэндээ дараа болж байна. Адууны чанах мах авъя гээд ирсэн ч олдсонгүй, ганцхан лангуун дээр ястай мах кг нь 7500 төгрөг гээд байж байна. Чанга байна шүү” хэмээн ундууцав.
Махыг их хэмжээгээр буюу гулуузаар авч чадахгүй байгаа иргэд өнөө маргаашийнхаа хоолны махыг кг болон граммлаж авч байгаа харагдав. Ихэвчлэн гэдэс дотор, цувдай сураглаж байв.
Эмээлт зах дээр амьд мал үнэд хүрч, туранхай амьд хонь 250 мянган төгрөгт байна. Түүнээс гадна гэдэс дотор, толгой шийр ч олдохгүй байгаа талаар тэнд ажилладаг хүмүүс ярилаа.
Тиймээс махны экспорт болон махны үнийн асуудал дээр төрийн тодорхой бодлого зохицуулалт хэрэгтэй байгааг харуулав.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.