С.Эрдэнэ: Монголын ард түмнийг өмгөөлөх нам АН-аас өөр байхгүй

download (1)Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Туваан нар өнөөдөр (2019.05.22) мэдээлэл хийлээ.

Н.Баяртсайханыг огцруулахыг шаардлаа

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ эрх баригчид сөрөг хүчний тавьсан асуудалд хойрго, хайнга хандаж, үл тоож байгааг шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрсөн ч эрх баригчид хэлэлцэхгүй байна. Тиймээс АН-аас энэ асуудлаар мэдэгдэл гаргаж буйг дуулгалаа. Тухайн мэдэгдэлд “…Монголбанкны хариуцдаг банк, санхүүгийн үзүүлэлт туйлын хангалтгүй байна. Өнгөрөн гурван жилд үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларч, инфляци хоёр оронтой тоонд хүрлээ.

Монголбанкны ханш тогтоохоор авсан арга хэмжээ байгаа оносонгүй. 2018 онд 1.4 тэрбум, 2019 онд 600 сая ам.долларын интервенц хийсэн ч ханшийн хэлбэлзэлийг бууруулж чадсангүй. Хоёр тэрбум ам.доллар гэдэг нь  2016-2018 онд олборлосон алтны орлоготой тэнцэх валют. Өөрөөр хэлбэл гурван жилийн алтны орлогыг салхинд хийсгэсэн гэж ойлгож болно. Ийм бодлогогүй алхмаа өмөөрөх шалтгаан байхгүй… ” зэрэг хэд хэдэн үндэслэлээр төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэж, хариуцлага тооцохыг шаардлаа.

АН эсэргүүцлийн жагсаал хийнэ

АН-аас энэ сарын 30-нд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ жагсаал бүтэн сарын хугацаанд үргэлжлэх улс төрийн акцын эхлэл болох аж. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын ард түмнийг өмгөөлөх улс төрийн хүчин АН-аас өөр байхгүй. Ард түмний эрхийг ярьж, нийгэмд үүссэн хямралыг зогсоох, эрх баригчдад хариуцлага тооцох үүрэг хариуцлагыг АН хүлээх чадвартай. Тиймээс АН үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн үйл ажиллагаанд шилжиж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мах, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш цагаар өсч байна. Үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс УИХ, Засгийн газартай хариуцлага тооцох шаардлагатай. Үүнээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал алдагдаж байна. Сүрьеэ, БЗХӨ сонсохоос ч дотор арзайлгам хэмжээгээр тархаж байна. Энэ бол нийгэмд том аюулын харанга дэлдсэн асуудал. Гэтэл эрх мэдэлтнүүд бие биен рүүгээ бурууг чихэж, өөрөө зайлуулж байна. Энэ асуудлаар АН-аас холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж, Эрүүл мэндийн сайдаас эхлээд огцруулах асуудлыг ярина гэдгийг мөн хэллээ.


URL:

Нэр: zochin Огноо: 22 May 2019

тэнэгүүд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.