Ч.Улаан: Хятад руу мах экспортлож байгаа зарим үйлдвэрийг зогсооно

308Засгийн газрын өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн. Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд үнээр Нийслэлд 127 чиглэлд борлуулж байна.

Махны үнийн өсөлтөд  нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд Нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг. Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах БНХАУ-тай хийсэн протоколд итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эдийг хэрэглэх гэрээний үүрэгтэй. Гэтэл зах зээл дээрээс шууд түүхий эдээ бэлдэж байна. Эсвэл зах зээл рүү орох замд нь тосч түүхий эд бэлтгэж байгаа нь буруу юм. Энэ нь эрүүл ахуйн шаардлагыг ч хангахгүй байгаа юм.  Тиймээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулж, экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно.

Хятадын махны үйлдвэрүүд дулааны аргаар мах боловсруулж хомсдол үүсгэсэн. Иймд Хятад руу экспортлох маханд квот тогтооно. Зарим хятадын үйлдвэрүүдийг зогсооно.

Ингэхдээ тухайн жилийнхээ малын өсөлт, махны нөөцлөлтөөс үүдэж, жил бүр квотыг тогтоож байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны маханд квот тогтооно. Мөн дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьж байна.

Яамнаас хийсэн судалгаагаар 100 мянга гаруй гурил үйлдвэрлэх боломж байна. Шинэ ургацын гурилтай золгох хүртэл гурилын хэрэгцээг дотоодоосоо хангах боломжтой. Үнэ ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байгаа юм.

Төмс хүнсний ногооны хувьд зах зээл дээрх өнөөдрийн байдлаарх хангамж тогтвортой байна. Ирэх сараас зоорийн ургацууд гараад ирэх учраас харьцангуй тогтвортой байдлаар шинэ ургацтай золгоно гэж тооцоолж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.