Жим Керригийн охин “Америкийн шүтээн”-д оролцов

“Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн шүүгчид танил царайтай тулгарах нь цөөнгүй байдаг гэнэ. Харин өчигдөр шоуны эхний шалгаруулалтад Холливудын нэрт инээдмийн жүжигчин Жим Керригийн охин Жейн оролцоход шүүгч Рэнди Жэксон түүнийг хараад л хэн гэдгийг нь таньсан боловч Женнифер Лопез огт анзаараагүй гэнэ. Зөөгчийн ажилтай 24 настай Жейн нэг хүүтэй бөгөөд өөрийгөө “олох”-оор уг шоуг зорьж очжээ. Тэрбээр “Алдар нэрийн сүүдэрт өссөн хүнд өөрийгөө таньж мэдэх амаргүй. Би аавынхаа сайн нөлөөг үргэлж мэдэрдэг байсан. Би энэ хорвоод өөрийнхөө замыг гаргахаар энд ирсэн” гэжээ. Шүүгч Рэнди түүнээс “Аав чинь чамайг шоунд оролцож байгааг мэдэх үү” гэж асуухад шүүгч Женнифер Лопез “Түүний аав хэн гэж” хэмээн гайхсан аж. Харин Жейнийг “the Ace Ventura” киноны од жүжигчин Жим Керри гэдгийг сонсоод тэрбээр “Би чамайг жаахан байхаас чинь мэднэ” гэжээ. Жим Керригийн охины хоолой шүүгчдэд найдвар төрүүлсэн тул тэрбээр Холливудад хүрэх тасалбараа авчээ.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих