“Загвар гэр хороолол”-ын 40 айлын сууц хэдэн хүний амиар босох вэ?

 388
Барилгын ажилчин хохирогч 29 настай Х таван давхрын караказ дээрээс унахдаа энэ төмөр дээр ойчиж гэмтжээ.

Л.БЭХ

Барилгын салбарынхны ажил бараг өдөр болгон шахам осол гэмтлийн хар мэдээгээр нийслэлчүүдийг түгшээх боллоо. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-ний 17:00 цагт Сүхбаатар дүүргийн XI хорооллын VII хорооны нутаг дэвсгэр буюу Хангай хотхоны хойно баригдаж буй таван давхар барилгын карказ  дээрээс барилгын ажилчин  унаж хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Уг барилга нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил төслийн 40 айлын орон сууц юм байна. Гүйцэтгэгч нь “Рапид Архитектур Констракшн” ХХК бөгөөд гаднах хаяг дээр бичсэнээр бол  барилгын ажил 2017 онд эхэлсэн энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах аж. Одоогоор сууриасаа дээш 5 давхар карказ баригдсан, дээврийн хэсгийн ажил эхэлж байгаа бололтой зүүн урд талын  өнцөгт нь хана маягийн  нэг хавтан  босгожээ. Иргэдийн мэдээлснээр “Яг тэр хэсэгт буюу  барилгын  зүүн урд  буланд краны дор барилгын ажилчин  ойчсоныг   эмнэлгийнхэн ирж авч явсан. Харин  цагдаагийнхан газар дээр нь ирж шалгаад явсан. Барилгын компани хөдөлмөр хамгааллыг хангаагүй учраас л  ажилчин нь унасан байж таарна. Тэр хүнийг 103 ирж  аваад явсан ч амьд, эсэх  нь эргэлзээтэй. Яагаад гэвэл цагдаагийнхан мэдээлэл хийхгүй байна. Хариуцлага муутай энэ  компанийн кран  нь гудамжаар явж байхад дээрээс унаад ирэх вий гэж айх боллоо. Уг барилгын ерөнхийлөн хариуцагчийн зүгээс аюулгүй байдлыг  хангахгүй, гүйцэтгэл хийж буй компаниас  байсхийгээд хүн осолдоод байвал амгалан тайван  байх арга алга”  хэмээн оршин суугчид ярилаа. Тэдний хэлсэнчлэн барилгын захиалагч, гүйцэтгэгчдийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг  сайтар хангахгүйгээр хүн ажиллуулж,  байсхийгээд осол гаргаад байвал  “Загвар гэр хороолол” гэх сайхан нэртэй 40 айлын орон сууц  нь өчнөөн  хүний амиар ”босох” вэ гэдэг айдас бас асуулт  олон нийтийн зүгээс гарч байна.

Ноцтой осол, гэмт хэрэг гарсан даруй Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор  сэрэмжлүүлэг мэдээлэл хийж, мэдээллийг сайтдаа байршуулдаг. Гэтэл цагдаагийн байгууллага  ямар ч мэдээлэл хийхгүй байгаа нь  ноцтой ослын талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг нуун дарагдуулж байна уу. Үүний ард осол гаргасан барилгын захиалагчид болон гүйцэтгэгч   компанийн  эрх ашиг, нөлөө  байна уу  гэсэн хардлага, эргэлзээ  байгаагаа ч зарим оршин суугч нь  хэлж байна.

Үйл явдлын мөрөөр хүн унасан гэх барилга дээр очиход үйл ажиллагаа нь зогссон бололтой нэг ч хүн харагдсангүй. Краныг  барилгын хашааны гадаа байршуулсан байв. Барилгын харуулаас болсон явдлын талаар тодруулах гэсэн  боловч “Харуул байхгүй, би оронд нь гэрийг нь харж байгаа юм. Надад мэдэх юм алга. Хашаан дээрх хаяган дээр байгаа утаснууд руу залга” гэв. Хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан /ХАБЭА/ 8589…гэсэн дугаар луу залгасан ч холбогдох боломжгүй. Хаяг дээрх холбоо барих дугаарууд руу залгахад авахгүй, харин нэг нь утсаа авсан ч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Барилгын хашаан доторхийг харахад  арматурын төмрийг  эмх замбараагүй овоолсон, карказын гадуур хамгаалалтын  ногоон тор татаагүй байлаа. Үйл явдлын мөрөөр манай сайт үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.