УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийг амины орон сууцанд ороход нь дэмжих хэрэгтэй гэв

4038

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд, 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажилд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байна хэмээн тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийг амины орон сууцанд ороход нь дэмжих, түүнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм.

2016 оны сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт дурдсан. Мөн тэрбээр өнгөрсөн жилүүдэд дэвшүүлсэн жил бүрийн үндсэн чиглэлүүдийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж шүүмжлээд Эдийн засгийн байнгын хорооны гишүүн болж, үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үндсэн чиглэлийн төсөлд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгаагүй байна хэмээв.

Түүнчлэн ажлын байр шинээр бий болгож, ядуурлыг бууруулахын тулд нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр, “Монгол улсын ажиллах хүчний дийлэнхийг жижиг, дунд үйлдвэрүүд ажлын байраар хангадаг. Гэтэл энэ салбарт жилд 50 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул хамгийн багадаа 100 тэрбум болох хэрэгтэй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндлөө. Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмсэн ч хангалтгүй байгааг тэрбээр дурдаад, “Орон нутагт хүнд нөхцөлд ажиллаж буй багш, эмч нарын цалинг бусад төрийн албан хаагчаас 2 дахин илүү болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хорт хавдрыг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, санхүүжилтийг тусгах хэрэгтэй хэмээсэн. Хорт хавдрын улмаас жил бүр 4000 хүн нас бардаг бөгөөд аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх тоног төхөөрөмж авах шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр, “Эрүүл мэндийн үзлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай санхүүжилтийг жил бүр Эрүүл мэндийн даатгалын санд хариуцуулдаг. Үүний улмаас хангалттай тоног, төхөөрөмж авч чадахгүй байна. Тиймээс улсын төсөвт хөрөнгө тусгадаг байх нь чухал” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих