Өөрийгөө яая гэж байгаа АН-ын дарга С.Эрдэнэ Засгийг огцруулах АКЦ хийхээр болов

408

АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах нэг сарын улс төрийн акц зохион байгуулна гэж мэдэгдэв. Мөн  жагсаал цуглаан ч хийх юм байх.

Намын журмын нөхөд нь С.Эрдэнэ даргаа огцруулна гэж шахаж шаардаад,  АН-ын гишүүд зуу зуугаараа намаасаа гарч байгаагаа зарлаад хэцүүхэн л байх шиг байна. Нэг бүдрэхээр долоо бүдэрдэг гэдэгчлэн олны анхааралд өртөж, дургүйцэл бухимдал үүсгээд байгаа “Найрамдал” зуслангийн газрыг олгосон асуудал бас энэ хүний нэртэй холбогдон яригдаж байна. Түүнийг  тойрсон энэ мэт таагүй нөхцөл байдал С.Эрдэнэ даргыг ихэд бухимдуулж буй бололтой.

Ингэж бүтэхгүй зүйлийн араас бүтэн сарын акц хийж байхынхаа оронд АН-ын нэр хүндийг нийгэмд эргэн тогтоох, дотоод эв нэгдлээ хангах, гишүүд дэмжигчдээ алдахгүй байх арга зам эрэлхийлэх нь энэ намын хувьд хожмын үйлсэд тустай байх.

С.Эрдэнэ болон АН-ынхны хийсэн мэдэгдэл олны  нэрлэдэгээр “Сахал” Д.Эрдэнэбилэгийг хорих саналтай  давхцаж,  “нэг нэр, хоёр  хоч” гэдэг шиг юм болж, МАНАН бүлгийн хамгаалагчаар хардагдав. Цагаа олоогүй акц гэдэг ийм балагтай аж.

2020 оны сонгууль болтол үндсэндээ ганцхан жилийн хугацаа үлдлээ. Хэрэв АН энэ янзаараа, ийм имиж илэрхийлэлтэйгээ сонгуульд оролцвол  сонгогчдын дэмжлэгийг авна гэхэд ихэд эргэлзээтэй харагдаж байна. Иргэдийнхээ итгэлийг үргээвэл улс төрийн хүчний хувьд сүйрэл болно гэсэн үг.

Тиймээс наад зах нь дотоод зөрчлөө нэг тийш болгож, гишүүд дэмжигчдээ хэдэн зуугаар нь алдаж байгаа өнөөгийн нөхцөл байдлаа эрүүлжүүлж сайжруулах нь энэ намын  хойшлуулшгүй чухал ажил байлтай. Түүнчлэн С.Эрдэнэ дарга улс төрийн лидерийнхээ хувьд нийгэмд, тэр дундаа гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, тэдний итгэл дэмжлэгт түшиглэж намаа дахин хүчирхэгжүүлэх  том амбиц байлтай. Гэтэл өөрийн тогоо руу өнгийхийн оронд хүний хатавчаар шагайж, толгой дээрх тэмээгээ харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харав гэдэг ааш араншин гаргаж байна.

Намынх нь гишүүд С.Эрдэнийг  огцруулах 15 үндэслэл бүхий шаардлага гаргаад байгаа. Ер нь АН-ын гишүүдийн дунд даргаа огцруулахаар мэдэгдэл гаргаж, шахалт шаардлага хүргүүлж байсан нь удаа дараа.  Үүнийг ил далд дэмждэг гишүүд  ч бас байж таарна.

Тиймээс өөрийгөө яая гэж байж Засгийн газрыг огцруулах юм яриад явж байгаа нь цагаа олоогүй эндүүрэл гэлтэй. Огцрох ч үгүй. Тэртэй тэргүй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ганцхан жилийн дараа ээлж халаагаа өгнө.  Одоо огцорлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, юуг  ч олохгүй. Харин алдах юм их бий. Ийм байсаар байтал, үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ Засгийг огцруулах акц хийнэ гээд сүржин мэдэгдэж байгаа нь арга ядсан амбиц уу, аль эсвэл нийгмийн анхаарлыг өөр зүгт татах гэсэн санаархал уу гэж харагдахаар байгаа юм.  Аливаа юм цаг зүгээ,  бай-гаа онож байж л  бодит үр дүнтэй, бас харагдах өнцөг  зөв болдог.

Ингэж бүтэхгүй зүйлийн араас бүтэн сарын акц хийж байхынхаа оронд АН-ын нэр хүндийг нийгэмд эргэн  тогтоох,  дотоод эв нэгдлээ хангах, гишүүд дэмжигчдээ алдахгүй байх арга зам эрэлхийлэх  нь энэ намын хувьд хожмын үйлсэд тустай байх.

Ийм акц хийх болсон шалтгаанаа  АН-аас 2016-2019 онд эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн гэнэ.  Тэгээд нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор Засгийн газрыг огцрохыг шаардах гэнэ. Ингээд мах болон бензин шатахууны үнэ өссөн, сүрьеэгийн халдварыг эрт илрүүлсэн гэх үндэслэлийг гаргаж иржээ. Аливаа үнэ зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдах учиртай. Бензин шатахууны хувьд  дэлхийн зах зээлийн үнэ ханшаас шалтгаалдаг.  Зүй тогтол нь ийм билээ.

Уруудаж доройтож, хасах руу зааж байсан эдийн засгийг тогтворжуулж, улмаар 7-8 хувийн өсөлттэй болгосон, төсвийн алдагдлыг багасгаж анх удаа ашигтай гаргасан, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн,  санхүүгийн сахилга  тогтоож, хариуцлагын тогтолцоог чангаруулсан, улсаас дээрэмдсэн хулгай луйврыг  ил тод болгосон нь огцруулах шалтгаан уу. Аливаа юманд барьц хэрэгтэй.

Өөрсдөө эрх барьж байхдаа элгээр нь хэвтүүлсэн  эдийн засгийг өндийлгөж босгосны төлөө улс төрийн соёл гаргаж, баярлалаа гэж хэлэхгүй юмаа гэхэд дайрч давшилж огцруулах тухай ярих нь энэ намын удирдлагуудын  улстөрчийн  төлөвшил, зэрэг зиндааг  л илэрхийлээд байх шиг байна даа.

Мэдээж, энэ Засгийн газарт алдаа оноо аль аль нь байгаа. Харин тэр бүхнийг засч залруулах сэдэл шийдэл, санаа оноо өгөх, алдахаас хамгаалах нь сөрөг хүчний үүрэг, улс төрийн соёл байх учиртай. Том утгаараа энэ бол эх орны эрх ашиг.

Гэтэл сөрөг хүчин нь эрх баригчдаа “муу байх тусмаа сайн, муухай байх тусмаа сайхан” гэсэн  зарчмаар ажиллаж  байгаа нь харамсалтай.

Г.Хантулга

Эх Сурвалж: Zaluu.com

http://www.zaluu.com/read/3643c30ec


URL:

Сэтгэгдэл бичих