Авлигачид, дээрэмчдээс хураасан автомашинуудыг зарах дуудлага худалдаа Мексикт болно

4101

Авлигын хэрэгт холбогдсон улс төрчид, гэмт этгээдүүдээс хураасан тансаг ангиллын автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах үйл ажиллагаа Ням гарагт Мексикт болох гэж байна.

Өнгөрсөн онд улс орноо авлигалаас цэвэрлэхээ амлаж сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор (АМЛО гэж товчилдог) дуудлага худалдаанаас олсон орлогыг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Түүний шинээр байгуулсан “Хулгайлагдсан Хөрөнгийг Ард Түмэнд буцааж олгох” зорилготой байгууллагын захирал Рикардо Родригез Варгас нийт 82 ширхэг автомашиныг борлуулснаар $1.2 сая орчмыг олно гэж тооцоолсон байна.

Дуудлага худалдаа тус улсын ерөнхийлөгчийн ордон байгаад сүүлд Обрадор олон нийтэд зориулж, соёлын ордон болгосон Мехико хотын Лос Пиност зохион байгуулагдах ажээ.

Дуудлага худалдааг зохион байгуулж байгаа Варгас “Дахиж төсвийн хөрөнгийг буруу замаар оруулахгүй. Эсрэгээрээ баялгийн жинхэнэ эзэд болох ард түмэнд буцааж өгөх гэж байна” хэмээн ярьсан байна.

Автомашинуудын дараа тансаг орон сууц, үнэт эдлэлийн хоёр тусдаа дуудлага худалдааг ойрын үед явуулахаар төлөвлөжээ.

Мексикийг авлигалаас цэвэрлэх уриатай сонгуульд ялсан Обрадор өнгөрсөн арванхоёрдугаар сард тангараг өргөж, зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн юм. Одоогоор түүний олон нийтийн дундах рэйтинг 70 хувьтай байна.

Эх сурвалж: The Guardian

Р.ТӨМӨР, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.