Ерөнхий сайд С.Батболд оо төрийн ажил зогсчихлоо

МАН-ын удирдлагуудад хүлээгдэж буй ажил, шийдэхэд түвэгтэй асуудал олон байна. УИХ дахь МАН-ын өчигдөрийн бүлгийн хуралдаан ширүүхэн болж өндөрлөв. Учир нь намд үүсээд буй албан томилгооны томоохон асуудлуудыг дариу шийдэх талаар хэлэлцэж, гацаа үүсгэх болсон шалтгааныг бүлгийн гишүүд намынхаа даргад үүрүүлээд амжлаа. АН Засгийн газраас гарсанаас үүдэн МАН шинэ сайдуудаа томилох ажилд орсон ч энэ асуудал Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үед гацаанд ороод байгаа. Үүнийг бүлгийн гишүүдийн олонх нь намын дарга С.Батболдтой холбон тайлбарлаж буруутгалаа.

У.Хүрэлсүхийн болон өөрийн фаракцийн хүнээр Засгийн газраа бүрдүүлэхээр чармайж, сайд хийх чадваргүй хүмүүсээр багаа бүрдүүлэх гэж оролдсон нь Засгийн газрын үйл ажиллагааг гацаанд оруулсан хэмээн үзжээ. Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайд,  Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайд хийх чадваргүй атал намын дарга С.Батболд нэрийг нь дэвшүүлсэн явдал болчимгүй алхам болсоныг онцолж, хатуухан шүүмжлэлийг хийсэн юм. Энэ ч үнэний ортой гэж хэлж болохоор.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд дан ганц Засгийн газраа бүтэн болгох ажил түүнд байгаа юм биш, олон ажил хүлээгдэж буйг дашрамд сануулах байна. Цөмийн энергийн газар,  Төрийн өмчийн хороо, АМГ-ын дарга нарыг томилох гээд олон ажил түүний өмнө хүлээгдэж байна. Мөн дээр нь аймгийн Засаг дарга нарын халаа сэлгээний асуудал ч үүсээд байгаа. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг улсаас мөнгө завшсан хэргээр ажлаас нь түтгэлцүүлээд буй. Түүний орны хүнийг хэнээр томилох нь бас Засгийн газрын тэргүүний үүрэг.

Түүнчлэн хэд хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг хууль бус хувьчлалын асуудлаар АТГ баривчлан шалгаж байгаа. Хэрэв түүнийг гэм буруутай гэж хуулийнхан үзвэл мөн л орных нь хүн яригдах учиртай юм. Энэ мэт томилгооны ажил гэхэд л ар араасаа хүлээгдэж буйг Ерөнхий сайд С.Батболд анхааралдаа авч урагшлуулах хэрэгтэй байна. Дээр нь шатахууны үнийн өсөлт, МҮЭХ-ны жагсаалд нааштай хариу барих гээд Засгийн газрын ажил хүлээгдэж буйг Ерөнхий сайдтай холбон талбарлах аргагүй байна.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.