Т.Ганболдын хэрэгт Монголбанкны Валютын газрын хоёр ажилтныг сэжиглэж байгаа бололтой

ТЭД ХАМТАРЧ ВАЛЮТЫН ЗӨРҮҮНЭЭС МӨНГӨ УГААСАН УУ-

“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболдыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон билээ. Түүнийг өнгөрсөн оны сүүлээр С.В.Паушокийн мэдлийн гурван компанийг худалдаж авсан тухай албан ёсоор мэдээлж байсан. Энэ мөнгө хаанаас гарсныг Авлигатай тэмцэх газрынхан болон Тагнуулын ерөнхий газрынхан хамтран шалгаж байгаа аж. Мөн Т.Ганболдын “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан мөнгө МАН-ын нэр бүхий сайд, дарга нар гаргасан болохыг тогтоожээ. Тухайлбал, “Алтан дорнод Монгол”, “Востокнефтегаз”, “Бумбат алт” гэсэн гурван компани бий. Нэр бүхий энэ компанийг нийт 300 гаруй сая ам.доллараар худалдаж авсан гэдэг. Энэ мөнгөний зарим нь төсвөөс гарсан байж болзошгүй гэнэ. Т.Ганболдыг “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал болмогц тус компанийн татварын өрийн төлөх хугацааг уртасгасан нь Сангийн дэд сайдын хийсэн ажил болох тухай ч яригдаж буй.

Шалгалтын явцад Монголбанкны Валютын газрын хоёр ажилтан Т.Ганболдод валютын ханш өсөх тухай мэдээлэл дамжуулж хамтран валютын зөрүүг хууль бусаар ашигласан гэх мэдээлэл бас хууль хяналтынханд олджээ. Тэдний нэрийг хуулийнхан одоохондоо нууцалж байгаа бөгөөд сэжигтнээр татаж буй бололтой. Энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийнхнээс тодруулахад “Одоогоор төв банкнаас хуулийн байгууллагын ямар нэгэн ажилтан хуулийн байгууллагаар шалгагдаагүй” хэмээн үгүйсгэсэн хариулт өгсөн юм.

Т.Ганболдыг өмнө нь Авлигатай тэмцэх газрынхан “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа бусдад авлига өгсөн, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан дамлан худалдаалсан, авлига авсан гэх хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Г.Онон

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.