Хүүхдийн баярыг дэлхий дахинд хэрхэн тэмдэглэдэг вэ?

4227

 

Турк улсад энэ өдөр хүүхдүүд Засгийн газрыг удирддаг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1959 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталснаар хүүхдийн баярын өдрийг тэмдэглэх болжээ. Монгол улс энэхүү конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна.

Тэгвэл энэхүү баярыг дэлхийн улсууд хэзээ, хэрхэн тэмдэглэдэг талаар хүргэе.

Энэтхэг

Тэд хүүхдийн баярыг арван нэгдүгээр сарын 14-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Нехру мэндэлжээ. Тэрээр хүүхдэд хайртай нэгэн байсан гэдэг. Энэтхэгчүүд уг өдөр сургууль дээрээ урлагийн тоглолт зохиодог ба Засгийн газраас нь Хүүхдийн кино наадмыг ивээн тэтгэдэг байна.

Турк

Туркт Тусгаар тогнолын өдөр болон Хүүхдийн баярыг хамтад нь дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдүүд Засгийн газрын ордонд парламентын гишүүдийг орлодог байна. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчөө сонгодог ба сонгогдсон хүүхэд тэр өдрийн турш арга хэмжээнүүдэд оролцон үг хэлдэг аж. Мөн орон даяар зохиогддог баярын арга хэмжээ дэлхийн бүх хүүхдүүдэд нээлттэй юм байна.

Япон

Япончууд энэ өдрийг тавдугаар сарын 5-нд тэмдэглэдэг. Энэ үеэр энд тэндгүй үлгэрт гардаг загасан хэлбэртэй өнгө өнгийн цаасан шувуу өлгөдөг байна. Мөн гэртээ Самурайн дайчдын баримал тавьдаг ажээ. Хүүхдүүд царсны навчинд ороосон будааны боов идэж орон даяар зохиогдож байгаа арга хэмжээнд оролцдог байна. Үүнээс гадна Токио хотод олон мянган хүүхдийг хамарсан “Хүүхдийн олимп” болдог юм.

Мексик

Дөрөвдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг энэ баяраар ахлах сургууль, парк, бусад байгууллагын олон арга хэмжээ болдог. Сургуулийн хичээлийн танхимд олон төрлийн хоол, хөгжилтэй тоглоом бүхий үдэшлэг зохиодог байна. Мөн Мексик хүүхдүүд шоколадтай сүүнд дүрсэн молинилло гэх модон хутгуурийг хоёр алганыхаа хооронд үрэнгээ дуу дуулах уламжлалт зан үйл хийдэг.

Тайланд

Жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь ням гарагийг тэд Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тайландад хүүхэд бол улсын баялаг гэж үздэг ба уг өдрөөр тэдний үнэ цэнэ, эрх ашгийг чухалчилдаг байна. Хүүхдүүд энэ өдөр автобус, соёлын төв, амьтны хүрээлэнгээр үнэ төлбөргүй үйлчлүүлж, Засгийн газрын ордон, арми, усан цэрэг, агаарын хүчний баазуудад зочилдог ажээ.

Польш

Польш нь манай улстай адил зургадугаар сарын нэгэнд Хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Энэ нь зуны амралтын эхэн үе учир хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд долоо хоногийн турш үргэлжилдэг байна.

Хятад

Хятадад дөрөвдүгээр сарын 4-нд тэмдэглэдэг энэ өдрийг бага сургуулийн хүүхдүүдийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ үеэр ихэнх сургууль урлагийн тоглолт, явган аялал зэрэг хүүхдийг хөгжөөх арга хэмжээ зохиодог байна. Мөн зарим кино театр хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг аж.

Эх сурвалж: ThenewageparentsKids


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.