Сэтгүүлчдийг нэн даруй суллахыг хуситуудаас шаардав
Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос Йемений “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн буюу хуситуудад хандан “хоригдож буй бүх сэтгүүлчийг нэн даруй суллах”-ыг уриалсан байна. Тэдгээр сэтгүүлчдийг Саудын Арави тэргүүтэй олон улсын эвслийн хүчинд тусалсан гэх шалтгаанаар хуситууд баривчлан хорьжээ.
“Хуситууд 10 сэтгүүлчийг хорьсоор байгаа нь тэдний харгис хэрцгий хандлагыг харууллаа. Сэтгүүлчид бол байлдагчид биш учраас тэд Йеменд болж буй дайны золиос болох ёсгүй. Тэднийг нэн даруй суллах ёстой” гэж Сэтгүүлчдийг хамгаалах хорооны зохицуулагч Шериф Мансур мэдэгдсэн байна.
Тус хорооны мэдээлэлд дурдсанаар, хуситуудын мөрдөн байцаах алба “эвслийн хүчинд тусалсан” гэх үндэслэлээр 10 сэтгүүлчид хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Йемен улсад 2014 оны 8 дугаар сард засгийн газрын цэргүүд ба хусит босогчдын хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 2015 оны 3 дугаар сард Саудын Арави тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн хүч Йеменд нэвтрэн орсноос хойш мөргөлдөөн улам ширүүссэн юм. Эвслийн хүчний бүрэлдэхүүнд Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан улс багтдаг ажээ.
URL: