Баруто: Миний мөрөөдөл биеллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын хацу башёд Эстоны бөх Баруто түрүүллээ. Башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараа тэрээр түрүүлэх нь тодорхой болсон юм. Харин их аварга Хакухо М.Даваажаргал 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлсэн нь сумо сонирхогчдын тааврыг эвдлээ.

Эстонид баарны хамгаалагчаар ажиллаж байсан Баруто 2004 онд сумод хөл тавьсан түүхтэй. Баруто 2012 оны тэргүүн башёд түрүүлснээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн гадаадын ес дэх, Европын хоёр дахь сумоч боллоо. 2008 онд Болгарын сумоч Котоошю Эзэн хааны цом хүртсэн Европын анхны бөх болж байсан билээ.

barutoБаруто нь Швед гаралтай, Эстоны иргэн. 27 настай. Сумочдын дунд хүч бяр, арал чяцаараа дээгүүрт ордог тэрээр 198 см өндөр, 188 кг жинтэй юм.

Баруто буюу Кайдо Ховелсоныг Японы мэргэжлийн сумод түрүүлсэн явдал нь Эстони төдийгүй, европчуудын баяр болжээ. “Европын хоёр дахь сумоч Японы Эзэн хааны цомыг хүртлээ”, “Европчууд Японы мэргэжлийн бөхөд хоёр дахиа түрүүллээ”, “Эстоны хүү Японы мэргэжлийн сумод анх удаа түрүүллээ” гэсэн гарчигтай мэдээллүүд ихээр гарчээ.

Хөгжилтэй сэргэлэн зангаараа Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Барутог хэзээ нэгэн цагт цом хүртэнэ гэдэгт итгэдэг байсан тухайгаа түүний ээж нь башёгийн дараа сэтгүүлчдэд ярьжээ. Хүүгээ башёд түрүүлэх нь тодорхой болсныг дуулангуутаа ээж нь Токио руу ниссэн бол аав нь утсаар хүүдээ баяр хүргэсэн байна.

Барутог дэвжээнээс бууж ирэхэд түүний гэргий Елена Трегубова цэцгийн баглаа бэлэглэжээ. Елена нь 26 настай бөгөөд ОХУ-ын Владивостокын уугуул юм байна.

Баруто   Кайто   хөгжилтэй наргианч зангаараа алдартайгаас гадна хэлний мэдлэг өндөртэй гээрээ сумочид дундаа гайхагддаг нэгэн.   Тэрээр   таван   хэлээр чөлөөтэй ярьдаг. Эстони, англи, герман, орос, япон хэлтэй.

Японы сумогийн холбоо гадны бөхчүүдэд хатуурхдаг заншлаа энэ удаад Барутод ч гаргав. “Түүний барилдаан нь нэг л ширүүн, биеэ тоосон, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн шинжтэй болж байна. Энэ нь башёгийн сүүлийн өдрүүдэд илүү анзаарагдлаа. Биеэ барина гэдэг аварга хүнд байх хамгийн том шалгуур. Юу юуны захад хүрээгүй байж ингэж сагсуурах нь зүйд нийцэхгүй” гэж хатуухан шүүмжилжээ. Энэ бол Сумогийн холбооноос Барутод өгч буй анхны сануулга биш юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард Баруто энгийн хувцастай гадуур явснаасаа болж тус холбооноос хатуу сануулга сонсч байсан билээ. Гэвч үүнийг Баруто эсэргүүцээгүй юм. Тамшгийн үеэр найз, дотны хүмүүстээ сэтгэлийн дэмжлэг үзүүлэх гэж, хамт хоолонд орж ярьж сууцгаасан. Тийм хүнд хэцүү үед хүн юу өмссөнөө ч анзаардаггүй юм билээ. Ийм л юм болсон” гэж тухайн үед ярьж байсан.

Харин энэ удаад буюу башёд түрүүлж Эзэн хааны цом гардсаны дараа тэрээр “Би нандин хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Өдий зэрэгтэй амжилт гаргахын тулд эхлэлээс нь төгсгөл хүртэл зүтгэсэн. Миний амьдралд шинэ үе ирж байна. Энэ мөчөөс эхлэн бүр ч их хичээх болно. Миний сонголт зөв байсанд цаг үргэлжид итгэдэг байсан. Энэ удаад тэр итгэл минь бүр ч сэргэлээ” гэжээ. Түүнийг цом шагналаа гардаад гарч ирэхэд шүтэн бишрэгчид нь тойрч хүрээлэн баяр хүргэхэд “Кокугикан ордонд баярлалаа. Амжилт дагуулсан ордон минь” гэжээ.

Д.САРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.