Иргэд нөөцийн махыг хүлээж хоолгүй хоноход хүрээд байна

Ерөнхийлөгчөө Таныг засгийн ажлыг гацааж шоу хийх зуур ард түмэн тань хоосон хонохдоо туллаа -  Нөөцийн мах худалдаанд гарсан ч олдоц муу байна гэсэн мэдээллийн мөрөөр захын гэр хорооллын дэлгүүрүүд болон нөөцийн мах худалдаалж буй салбаруудаар явж байдал ямар байгааг сурвалжилсан юм. Нэг хороонд хоёр дэлгүүр гээд бодохоор нэг дүүрэгт 80 гаруй дэлгүүр нөөцийн мах борлуулах ёстой. Харамсалтай нь, очиж уулзсан дэлгүүр болгонд нөөцийн махтай дэлгүүр тийм чиг олон байсангүй. Зарим дэлгүүрийн худалдагч “Нөөцийн махны захиалгаа өчигдөр өгсөн ч одоо болтол ирээгүй байна. Махны нөөц бэлтгэсэн компаниуд анх өдөр бүр түгээлт хийнэ гэж байсан. Харин мах дуусч байна. Дахиж ирэх үү гэж хэдхэн удаа залгахаар “Бид махаар хангах албагүй” гэж уурладаг. Дарамттай шүү дээ. Ямар бид өөрсдөдөө авах гэж байгаа биш” гэж байв.

Дэлгүүрээр ороод гарах зуурхан хугацаанд нөөцийн мах сурагласан иргэд ч тасрахгүй байлаа. Үүний зэрэгцээ иргэд арай хямд үнэтэй буюу хонь, ямааны мах авах сонирхолтой байхад үхрийн мах голцуу ирээд байна гэж гомдоллож байлаа. Ингээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн “Есөн од” дэлгүүрийн худалдагч Б.Алтанцэцэгээс нөөцийн махны эрэлт, нийлүүлэлтийн талаар тодруулсан юм.

-Танай дэлгүүр аль компанийн нөөцийн махыг борлуулж байна вэ?
-”Мак маркет”-аас махаа авч борлуулж байгаа. Одоогийн байдлаар захиалгаа өгсөн ч мах ирэхгүй байна.

-Нэг удаад хэдэн кг мах авдаг вэ?
-Ахиухан л авмаар байдаг. Ха¬рамсалтай нь, 200 кг-аас илүүг өгдөггүй. Ирсэн бүх мах өдөртөө л дуусдаг. Ард иргэд нөөцийн махыг маш ихээр сурагладаг. Ер нь иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч байгаа нь мэдрэгддэг. Орж ирсэн хүн болгон нөөцийн мах сураглаж байна.

-Тэгэхээр махны нийлүүлэлт муу гэсэн үг үү?
-Хүргэлт их удаан юм. Хэдэнтээ утасдаж, араас нь нэхэл дагал болж байж олж авах юм. Худалдагч биднийг өөрсдөө хэрэглэх гэж байна гэж боддог юм уу, хаашаа юм. Гэтэл нөгөө талд нь иргэд биднээс нөөцийн мах нэхээд “Та нар л авахгүй байна” гэж загнадаг. Заримдаа их хэцүү.

Энэ үеэр нөөцийн мах сурагласаар тус хорооны иргэн Ж.Оюун гуай орж ирлээ. Тэрбээр “Нөөцийн махны олдоц муу байна. Нэг өдөр ирээд, хоёр гурав хоног тасарчихдаг. Үнэ нь арай хямд гээд хонь, ямааны мах авах гэхээр ихэнхдээ үхрийн мах ирэх юм.Үнэ нь гайгүй юм гэж бодоод Цагаан сарынхаа буузны махыг авчих юмсан гэж бодож байлаа. Гэтэл хоолондоо хэрэглэх хэмжээний махыг ч олж авч чадахгүй юм. Махныхаа үнийг дийлэхгүй болохоор ингэж нөөцийн мах хүлээж дэлгүүрийн үүд сахиж байна шүү дээ. Дарга нар ойлгодог юм уу үгүй юм уу бүү мэд” гэсэн юм. Үүний дараа бид Дарь эхийн эцсийн буудал дахь “Наран оргил” хүнсний дэлгүүрийн захиралтай уулзаж мөн энэ талаар сонирхсон юм.

-Одоогийн байдлаар та¬най дэлгүүрт нөөцийн мах ху¬далдаалж байна уу?
-Max дууссан. Өнөө өглөө захиалга өгсөн ирээгүй л байна. 15.00 цагийн үед ирэх болов уу гээд хараад сууж байна. Байн байн утасдаад байхаар сүүлдээ утсаа ч авахаа болилоо.

-Махны чанарын хувьд ямар байна вэ?
-Боломжийн байгаа. Шим шүлт дажгүй, ер нь тарган мах ирж байна. Харин хотын төв буюу “Макс” супер маркетын махны тасгаас нөөцийн махны түгээлтийн талаар тодруулахад “Нөөцийн мах бараг л дуусч байна. Манай дэлгүүрт өнжөөд нэг ирдэг ч тэр нь хэрэглэгчдэд тийм ч хүртээмжтэй биш байдаг. Голдуу ямааны мах ирээд л өдөртөө дуусах юм. Махны үнэ өдөр ирэх тусам өсч байгаа болохоор иргэд ганцхан нөөцийн мах авах гэж дугаарлаж байна. Уг нь нийлүүлэлтийг нь сайжруулаад их хэмжээгээр худалдвал бусад махны үнэ дагаад буух бүрэн боломжтой гэсэн юм.

Нөөцийн махны түгээлт яагаад ингэж ховор байгаа талаар холбогдох газруудтай ч бид уулзсан юм. Өнөө жил 12 мянган тонн мах бэлтгэсэн бөгөөд ирэх зургадугаар cap хүртэл иргэдэд худалдаална. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Уянгаас дээрх зүйлсийг тодруу¬лахад “Нөөцийн махыг 319 цэгээр худалдаалж нийлүүлэх ёстой. Үүнээс 220 аж ахуйн нэгжтэй үйлдвэрүүд гэрээ байгуулаад махаа нийлүүлээд явж байна. Үлдсэн 100 аж ахуйн нэгж нь үйлдвэр дээрээс өөрсдөө очиж, хуваарийн дагуу нөөцийн махаа авах ёстой. Гэтэл манай худалдагчид өөрсдөө авчирч өгөхийг хүлээгээд байх юм. Үүнээс болж нөөцийн мах ирэхгүй байна гэх хэл ам гарч байгаа хэрэг.

Тухайлбал, нэг үйлдвэр 50 дэлгүүрт түгээдэг. Тиймээс тэр болгон араас нь очиж хөөцөлдөөд байдаггүй болов уу” гэлээ. Мөн тэрбээр “Ер нь иргэдийн хүссэн зоргоор дэлгүүрүүдэд хангалттай нөөцийн мах нийлүүлнэ гэвэл 12 мянган тонн мах хаанаа ч хүрэхгүй. Зургадугаар cap байтугай ганц хоёрхон сарын дотор дуусна биз. Тиймээс хуваарийн дагуу нэг дэлгүүрт өдөрт хэдэн кг нөөцийн мах өгөх ёстой тэр хэмжээгээр нь л өгнө. Одоогоор махны эрэлт хэрэгцээ их учраас нөөцийн мах хурдан дуусчихаад байгаа. Түүнээс биш дэлгүүрүүдэд нийлүүлэхгүй гэсэн зүйл байхгүй” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар нөөцийн үхрийн махыг кг нь 3700, хонь 3200, ямаа 2600 төгрөгийн үнэтэй байгаа. Харин зарим эх сурвалж нөөцийн мах бэлтгэсэн компаниуд махны үнийг нэмэх гэж дэлгүүрүүдэд нийлүүлэхгүй байгаа гэв.

Үнийг нэмэх талаар холбогдох байгууллагуудтай ч уулзсан тухай өгүүлж байв. Хэн юугаа хэдэн төгрөгөөр зарах нь чөлөөт эдийн засгийн хэлбэр ч эцсийн үр дүнд нь иргэд хохирч үлддэг. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч харж л суугаа байлтай. Айл бүрийн хойморт заларсан телевизийн дэлгэцнээ сүүлийн үед өдөр бүр л өөрийгөө сурталчлах болж. Шоуны ертөнцөөр аялж, улс төр хийхийг алийг тэр гэх вэ. Гэхдээ энэ завсраа хааяа ч болов ард түмнээ бодмоор сон. Засгийн газрын ажлыг хурдхан шиг эхлүүлж энэ бүхнийг зохицуулж өгөхгүй бол ард иргэд нь өнөөдөр цагаан сарынхаа ууц байтугай өнөөдрийнхөө аяга шөлний махаа ч олж авах гэж газар доогуур 20 мянган бээр аялсан”-ы дайтай явна.

Шатахуун импортлогчдын дураараа аашилсан авираас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд хүртэл өөрчлөлт орсон. Үүнээс үүдэж ард иргэд хөлд нь сөхөрч нэг кг махыг 7000 мянган төгрөгөөр авч чадах эсэх дээрээ тулсан тул нөөцийн махаар зохицуулалт хийхээ амалж байсан. Харамсалтай нь, бодит дүр зураг ийм байгаад зохицуулалт хийх замыг тавьж өгөхийг эрхэм Ерөнхийлөгчөөс олон түмэн хүсч буй. Монголчууд “Өөдийн нар харахгүй нь дээ” гэж ярьдагчлан нөөцийн мах худалдаанд гарсан ч ард түмэн мөддөө л хямд үнэтэй мах олж харахгүй нь бололтой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Д.АНГАРАГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.