Хэрэгжиж чадаагүй “авслагдсан хууль”

240810-05062019-1559696914-366561668-1Screen_Shot_2019-06-05_at_9.05.09_AM_copyХир дагтаршсан шоотой хөх цамц хэгдгэрлэсэн, хүүхэд шиг жижиг биетэй 40 орчим насны эр “Холдоорой, холдоорой” гэж хашгирсаар хажуугаар зөрөхдөө “гахх түй” гэж хоолой шахан цэрээ нулимав. Цэрнээс бултаж түүн рүү харахад, овоолсон бараан дороосоо харагдахгүй шахуу өнхрөх төмөр тэрэгнийхээ эрчийг алдагдуулахгүй гэсэндээ хөлий хурд, гарын хүчийг шавхан урагш давшилсаар хүний олон дунд замхрав.

Гэрийн эзэгтэйг ариун цэврийн өрөөгөөр нь шинждэг бол ардын амьдралыг хар захаар нь тодорхойлдог. Хамарт бурзайх хөлсөө арчих ч завгүй тэрэгчний гавшгайлан зөөсөн бараа лангуун дээр дэлгэгдэхэд хот хүрээ, хөдөө гадаанаас цугласан түмэн түүнээс хэрэгтэйгээ шилэн авна.

“…Хүүе!!! Нимгэн даавуу метр нь 2200, зузаан нь 2600 шүү. Даавуун тор хийж зарахад 1.5 метр энтэйгээс нь гурав, 1.35 метр энтэйгээс нь дөрөв гарна. Төрөл бүрийн сонголттой. Наашаа ирээд, үзээд ав” гэж уриалан шавдуулах ахимаг насны эрийг С.Нямцэрэн гэнэ. Даавуу авахгүй ээ, гэхдээ даавууг чинь сонирхож болох уу хэмээсээр бидний яриа эхлэв. Тэрбээр даавуун тор оёж зардаг арав гаруй хувь хүн, хэдэн хэдэн үйлдвэртэй хамтран ажилладаг аж. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгддөг гэнэ.

Өдөрт дунджаар 40 гаруй хүнд даавуу худалдан авдаг. Гэхдээ бас л баяр ёслолын үе, цаг агаарын өөрчлөлт, төр засгийн шийдвэрээс шалтгаалан эрэлт янз бүр байдаг болжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл тор хийх даавууны эрэлт ихсэж жирийн өдрөөс гурав дахин их буюу 100 гаруй хүнд үйлчилсэн байна. Мөн үйлдвэрлэгчид ч энэ үеэр жирийн өдөр захиалдгаасаа хэд дахин их материал авчээ. Харин одоо даавуун материалын эрэлт зогссон байна.

Өдөрт дунджаар 40 гаруй хүнд даавуу худалдан авдаг. Гэхдээ бас л баяр ёслолын үе, цаг агаарын өөрчлөлт, төр засгийн шийдвэрээс шалтгаалан эрэлт янз бүр байдаг болжээ.

Энэ талаар С.Нямцэрэн, “Төр засаг гялгар уут хэрэглэхийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс хориглож байгааг сонсонгуутаа урдаас 60 орчим боодол (нэг боодолд 100-200 метр байдаг) нимгэн даавуу авчирсан. Өмнө нь дандаа зузаан даавуу зардаг байсан” гэсэн юм. Түмнээрээ хэрэглэхэд хүртээмжтэй нь дээр биз гэж зузааныг биш хямд даавуу сонгон авч ирэхдээ С.Нямцэрэн гурван сая гаруй төгрөг зарцуулсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ, Хууль батлагдсанаас хойш сар гаруйн хугацаанд хүүхэд, хөгшидгүй тор хийж зарахаар болж, үйлдвэрлэгчид ч илүү их материал захиалсан. Тиймээс эхний авчирсан 60 боодол даавуу маш хурдан зарагдсан. Гүйлгээтэй байсан тул урдаас дахин 60 боодлыг авчирсан.

Гэтэл монголын хууль гурав хоног гэдэг л боллоо. Гялгар уутны хэрэглээг хорьсон шийдвэр гууль болж, төр хяналт тавьж чадаагүй учир сүүлийн татсан бараа энэ урд лангуун дээр хөглөрч байна” гэж цухалдангуй хэлэв. Ахыг үгээ дуусгаж амжаагүй байхад хажуу лангууны эгч “Торго, туслах материалынхан хүртэл торны материал оруулж ирсэн шүү дээ” гэж үг нэмсэн юм.

Нарантуул захад түүн шиг бөс бараа зардаг 22, торго дурдан, туслах материал зардаг 100 гаруй лангуу байдаг гэнэ. Төрийн гаргасан шийдвэр түмний амьдралд ингэж нөлөөлдөг. Гурван сая төгрөг гэдэг задарсан нэгэнд бага мөнгө байж болох ч ядарсан иргэдэд амь амьдрал нь юм. Алдаатай гаргасан шийдвэр, амьдрал болдоггүй хууль нь жирийн иргэний хөрөнгийг царцааж, цаашдаа бизнесийг ч дампууруулах эрсдэлтэйн нотолгоо нь энэ.

• Хууль нь гууль болсон манай улсын бизнес нь хүртэл гулиа гишгэж явааг даавуун торны зах зээлээс харж болно.
• Гэрийн эзэгтэйг ариун цэврийн өрөөгөөр нь шинждэг бол ардын амьдралыг хар захаар нь тодорхойлдог.
• Нарантуул захад бөс бараа зардаг 22 лангуу, торго дурдан, туслах материал зардаг 100 гаруй лангуу бий.

Зорьсон зорилгогүй, алсыг харсан төлөвлөгөөгүй өдөр хоногийг аргацаан гулиа гишгэж яваа залуус гудамжаар дүүрэн байна гэж хэн хүнгүй шүүмжилдэг. Гэвч хууль нь гууль болсон манай улсын бизнес нь хүртэл гулиа гишгэж явааг даавуун торны зах зээлээс харж болно.

Нийлэг уутыг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилт биеллээ олж чадаж байгаа эсэх талаар “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлсэн “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхамаас тодруулахад, “Ямар ч судалгаагүй, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн шийдэл төлөвлөгөөгүйгээр хүмүүст таалагдах гэж энэ тогтоомжийг гаргасан. Гялгар уутыг хэрэглээнээс халах нь зөв ч Засгийн газрын тогтоол анхнаасаа буруу, алдаатай байсан.

Тогтоолд нимгэн гялгар уутыг хүнсний зориулалтаар ашиглаж болно. Харин тээвэрлэлтийн зориулалтаар ашиглаж болохгүй хэмээн заасан ч хүмүүс үүнийг тэр бүр мэдэхгүй байна. Мөн гялгар уутны оронд юу хэрэглэх талаар мэдээ мэдээллийг иргэдэд бүрэн өгөөгүй. Гуравдугаар сарын 1-нд гялгар уутыг халлаа гэж байхад өмнөх өдөр нь хүмүүс юу хэрэглэхээ мэдэхгүй сууж байсан. Гэтэл алдаатай гаргасан шийдвэрийг нь дагаад олон хүн даавуун торны бизнест орсон. Байраа барьцаалаад даавуун тор үйлдвэрлэж эхэлсэн хүн хүртэл байна шүү дээ” гэсэн юм.

Гялгар торноос татгалзах төрийн шийдвэр анх удаагийнх биш

Төрийн алдаатай шийдвэр түмний амьдралд хэрхэн түвэг болдгийг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанаас харж болно. Тус төвийн захирал  З.Болдсайхан “Тогтоол хэрэгжиж эхэлсэн гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард захиалга ихтэй байсан. Иргэд ч гялгар уутыг хэрэглээнээс халах санаачлагыг дэмжин, даавуун тор хэрэглэхийг илүүд үзэх хандлагатай болсон нь мэдрэгдэж байна.

Гэсэн ч одоо эргээд захиалга унаж байгаа. Учир нь гялгар торыг илүү зузаанаар үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Энэ нь өмнөх нимгэн торноос үнэ өндөр ч, даавуун торноос хямд байгаа юм. Мөн хэрэглээнээс халсан торыг орлуулах даавуун торны нийлүүлэлт зах зээлд бага байсны улмаас хүмүүс эргээд гялгар уутаа хэрэглэхийг илүүд үзэж байна. Даавуун тор, цаасан уут үйлдвэрлэгчид тодорхой эрсдэл хүлээж, зарим нь алдагдалд орж байгааг үгүйсгэхгүй” гэсэн юм. Харин төрийн гаргасан дээрх тогтоомжийг баримталж төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа СХД-ийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон “Гаргасан шийдвэрийнхээ хяналтыг тавих хэрэгтэй байна” хэмээн өгүүлсэн юм.

Учир нь СХД-ийн Нийгмийн хамгааллын тусгай төв Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгээр “Даавуун торны төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус төвийн Төсөл хариуцсан нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн,“…Засгийн газраас гялгар уутны хэрэглээг хориглосонтой холбогдуулан бид даавуун торны үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж, 40 сая төгрөгний санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр Австралийн Элчин сайдын яаманд хандсан. Төслийн онцлог нь СХД-ийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн иргэдийг оёдолчноор сурган авч, даавуун тор үйлдвэрлэж амьжиргааны төвшинг ахиулах юм” хэмээлээ.

Бодит байдал ийм л байна. Уг нь гялгар торноос татгалзах төрийн шийдвэр анх удаагийнх биш. Бүр арван жилийн өмнө, 2009 оны зургадугаар сарын 11-нд “Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийг баталж, 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэт нимгэн буюу 0.025 мм уутыг хэрэглэхгүй хэмээн тогтсон. Гэтэл хууль амьдрал дээр хэрэгжиж чадалгүй гурван жил болж, 2012 онд УИХаас хүчингүй болгосон юм. Хэрэгжиж чадалгүй “авслагдсан хууль” хичнээн бизнесийг хөлдөө чирдгийг таашгүй. Харин арван жилийн дараа дахин амилсан гялгар уутны хориг өмнөх хуулийнхаа замаар орох шинжтэй болов, хөөрхий.

Б.Бадамцэцэг

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих