Нийслэл хотын өнгө “гундуухан” байна

Зун цагийг аялал жуучлалын үе гэдэг. Гэтэл манай улсад “зун цаг” хаашаа явчихав гэмээр цаг уурын байдалд байгаа нь аялаж яваа гадныханд тийм ч таатай биш байна. Нийслэл хотын өнгө “гундуухан” байна.

Ногоон байгууламж асар их үгүйлэгдэж байна. Нялх үрсээ тэврээд гадаа салхиулах гэхээр цэцэг ургамал ч алга. Нээх их нарийн шороо боссон орчноос хүүхэд амьсгалах цэвэр агаар олж авна гэдэг тун хэцүү.

Хотын өнгө үзэмж, иргэдийнхээ амьсгалах агаарт санаа тавих эрх мэдэлтэн алга. Эрх мэдлийн төлөө хэмлэлдэхээс өөр завгүй яваа бололтой. Өмнө нь зүлгэн дээр гишгэхгүй байхын аргагүй сайхан ногоон байгууламжтай байсан гэдэг.

Гэтэл өдгөө чийгээр дутагдаж гачигдсан хөрстэй хэдэн мод л их хотын өнгийг аварч байна. Хатсан хөрсийг аврахаар өнөөдрөөс нэг наст цэцгийг суулгаж эхэллээ. Гудамжны мод, бут, зүлэг ногоог хаана, хаанаа хайрлах сэтгэл үгүй болжээ. Өмнөх жил нь арчилж арчилж ургуулсан зүлэг нь буцаж сэргэсэнгүй. Арга ч үгүй биз, зам товчилж байгаа нэрийдлээр хөрсөн дээр нь баахан таваргаж өгсөн. Муу нэртэй Үүл даргын үед өглөө эрт хотынхоо хэдэн модыг услачихдаг байжээ. 4354

Гэтэл өнөөдөр модоо услах нь бүү хэл зүлэгжүүлэх, ногоон байгууламжын талаар ам ангайхгүй байна.

Одоогоос зургаан жилийн өмнөөс л хотынхоо ногоон байгууламжинд санаа тавьж хөрөнгө мөнгөний талаар ярьж эхэлсэн. Харин төсөвлөсөн хөрөнгө мөнгийг нас урттай зүйлд зарцуулахгүй. Уулын мод тайрч авчирч ирээд суулгаад хэдэн талаас нь модоор дэмнэж орхисон. Энэ нь нөгөө нүгэлийн нүдийг гурилаар хуурав гэдэг үлгэр болж хувирсан гэдгийг олон мэргэжилтнүүд хэлж байсан удаатай. Мэргэжилтнүүдийн хийсэн тооцооллоор 2016-2017 онд Улаанбаатар хотын зөвхөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4081 ширхэг үнэт зүйлийн шилмүүст модыг ойгоос шилжүүлэн суулгажээ. Энэ нь барагцаалбал 15 га залуу ойтой тэнцэх аж. Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий 126 гудамж байдаг. Тэдгээрийн тохижилт арчилгаанд жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, Хот тохижилтын газар болон дүүрэг хувийн хэвшлийн 131 аж ахуй нэгжтэй төр, хувийн хэвшлийн зарчмаар хуваарилан өгдөг байна. Нийт төсвийн 50 гаруй хувийг Хот тохижилтын газар зарцуулдаг гэсэн үг юм. Буруу технологиор тарьсан мод урт наслахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Тэгвэл одоо мэргэжилтнүүдийн үгийг сонсож зөв аргаар, урт настай ногоон байгууламжийг байгуулъя хотын дарга аа.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ногоон байгууламж хариуцсан гурав, ландшафтын нэг мэргэжилтэн ажиллаж, зургаан дүүргийн 114 цэцэрлэгчийн хамт хүчин зүтгэж буй. Иргэд ч мөн ногоон байгууламжтай болоход өөрсдийн хувь нэмрээ оруулах цаг нь иржээ.

ЭХ СУРВАЛЖ: DORGIO.MN


URL:

Сэтгэгдэл бичих