МАХН-тай нэгдэхийг санал болгожээ

МАН-ын бүлэг даваа гаригт оройн 20.00 цаг хүртэл хуралдсан учраас сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй юм. Харин өчигдөр бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчидтэй уулзав. Чуулган завсарлахад хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн учраас чухал хуулиудаа яаравчлан хэлэлцье хэмээн ярьцгаасан тухай бүлгийн дарга нь хэлэв. Тухайлбал, С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай, Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулиудыг түргэвчлэх шаардлагатай гэсэн байна. Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгохыг АН-ынхан эсэргүүцэж асуудлыг улстөржүүллээ. Засагт орж ажиллачихаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг гацаах хэрэггүй гэж МАН-ынхан шүүмжилж байгаа гэнэ. Тэтгэврийн зөрүү арилгах, суурь тэтгэврийг нэмэх тухай хуулийг ч яаравчилж, энэ чуулганаар амжиж батлах хэрэгтэй гэж үзжээ. Шатахууны үнийн хөөрөгдөл, нөөцийн махны хүрэлцээний асуудлаар судлах гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг бүлгээсээ гаргасан байна.

Шатахуун импортлох эрхээ Засгийн газар өөрөө авч, шатахуун түгээх эрхийг дотоодын компаниудад тендерээр өгөх ёстой гэдэг саналыг бүлгийн дийлэнх гишүүн гаргажээ. Бүлгийн хурал ширүүхэн болсныг дарга нь үгүйсгэсэнгүй. Телевизийн олон камерын өмнө гэнэт дуудаж загнадаг тийм хуралд цаашдаа оролцохгүй байхыг бүлгээрээ ярилцсан гэдгээ нуусангүй. Төрийн өндөрлөгүүд хуулиар оногдсон үүргийнхээ дагуу ажлаа хиймээр байгааг тэд хэлжээ. Ө.Энхтүвшин дарга “Манай бүлгийн хурал угаасаа ширүүн болдог. Гэхдээ нэг л шийдвэрт хүрч гишүүд түүндээ хүндэтгэлтэй ханддаг. Манай бүлгийн гишүүд чимээгүй дүмбийж суугаад хуралддаг гэж гадуур ярьцгаадаг. Тийм биш шүү дээ” хэмээн ярилаа. Сайд нарын асуудлаар өгсөн Ерөнхийлөгчийн зөвшилцлийн хариуны талаар сэтгүүлч асуухад Ерөнхийлөгч ямар хариу өгснөөс үл хамаарч Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу сайдад санал болгосон гишүүдээ томилуулах бичгийг УИХ-д өгнө. Бүх зүйл хуулиараа явна гэсэн юм. Энэ бүхэн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл байв.

Харин МАН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаан түүний ярьснаас халуухан болжээ. Хуралд суусан гишүүдийн талаас илүү нь намын даргынхаа унхиагүй олхиогүй байгааг шүүмжилсэн байна. Тэр өдрийн гол баатар нь Н.Ганбямба гишүүн байжээ. Түүний хувьд төрөөс төрсөн тэрбумтан, олигархиудыг үргэлж шүүмжилдэг ч энэ удаа намын даргынхаа улаан нүүр рүү харж байгаад олигархиар нь дуудсан гэнэ. “С.Батболд гэдэг намын даргатай болсноос хойш МАН-ын нэр хүнд уналаа. Ийм үлбэгэр дарга байдаг юм уу. Ажлаа хийж чадахгүй юм бол зайл, яв” гэхэд нь намын дарга С.Батболд “Явсан ч яадаг юм” хэмээн өөдөөс нь “дүрэлзсэн” байна. Тэгэхэд нь Н.Ганбямба гишүүн улам ширүүлж “Муу олигархиудыг жагсааж байгаад буудчих юм сан” гэж асчәэ. Энэ бол Засгийн газарт шинээр орох зургаан сайдын томилгооноос үүдсэн маргаан байжээ. Н.Ганбямба гишүүний хувьд Батлан хамгаалахын сайдад үзээд алдсан ч бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй билээ. Намын удирдлагуудын тохироогоор томилгооны асуудал шийдэгдсэнд бухимдаж, намын даргадаа гомдлоо тайлсан нь энэ бололтой. Ц.Даваасүрэн гишүүн нэгэн сонирхолтой жишээ татсан гэнэ. Тэрээр Хөвсгөлийн Рашаант суманд явж байгаад нэг өвөөтэй таарчээ. Өвгөн түүнээс хуучин МАХН-д байгаа эсэхийг нь асуусан байна. Хариуд нь Ц.Даваасүрэн гишүүн “МАН-д байгаа” гэжээ. Тэгсэн өвөө “Өө олигархиудын намынх юм байна” гэж хэлээд явсан тухай яриад  МАН олигархиудын нам болсныг, ард түмэн ингэж хүлээж авч байгааг сануулсан байна. Тэгвэл С.Бямбацогт гишүүн өөрийнх нь санаачилсан халамжийн асуудлаарх хуулиуд урагшаа ахихгүй байгааг ярьж, бухимдлаа илэрхийлсэн байна. Намын даргаа ч хатуу шүүмжилжээ. Мөн зургаан сайдыг тодруулсан МАН-ын бүлгийн хурлын өмнө Ерөнхий сайд С.Батболдтой ярьсан тохироогоо цухуйлгажээ. “Тэр өдөр бүлгийн хурлын өмнө Ерөнхий сайд та намайг дуудаж уулзсан. Гэхдээ Д.Хаянхярвааг дэмжээрэй гэж хэлээгүй” гэхэд намын дарга С.Батболд үгүйсгэж,     өөрийнхөө хэлснийг сануулах гэтэл С.Бямбацогт гишүүн Тэгвэл цааш нь юу ярьсныг чинь хэлчих үү” хэмээн сүрдүүлсэн байна. Түүнийг нь сонссон Ерөнхий сайд С.Батболд чимээгүй болжээ. Ерөнхий сайд С.Батболд, С.Бямбацогт гишүүний хооронд бүлэг дотроо задалж болохгүй нууц яриа явсан бололтой.

Харин Д.Тэрбишдагва гишүүн намын даргаасаа эхлээд гишүүд хүртэл урвагар дорой байгааг шүүмжилсэн байна. Ерөнхийлөгчийн өмнө загнуулж байгаа хүүхэд шиг урвайж суухаа болих хэрэгтэйг сануулжээ. Р.Раш, Х.Бадамсүрэн нарын гишүүд МАН-д боловсон хүчний сонголт байхгүй болсныг хэлсэн байна. Мөн Р.Раш, Х.Бадамсүрэн, Х.Жекей, Д.Загджав нарын гишүүд МАХН-тай хэлэлцээ хийж, сонгуульд хамт орж болдоггүй юм уу хэмээн асууж. Нэг ёсондоо МАХН-тай эргээд нийлье гэсэн санаа илэрхийлсэн байна. Энэ өдөр сонгуулийн тойргийн асуудлаар нэлээд яриа өрнөсөн гэнэ. Ц.Цэнгэл гишүүн “Булганы тойрогт Э.Мөнх-Очир бид хоёр явж байгаа. Тэгтэл ё.Отгонбаяр хажуугаар давхиад болохгүй байна. Үүнийгээ цэгцэл” гэж шаарджээ. Хурлын эхэнд олигархиараа цоллуулсандаа уурлаж, нэлээд ширүүн суусан намын дарга С.Батболд сүүлдээ зөөлөрсөн гэнэ. Тэрээр нам дотор болсон яриа гадагшаа цацагдаад байгааг гишүүддээ анхааруулжээ. Бүлгийн гишүүдийнхээ арга эвийг олж аятайхан байхгүй бол хэрэг бишдэхийг энэ хурлаас ойлгосон уу, ямартай ч тэрээр өчигдөр үдээс хойш намын бүлгийн гишүүдээ хэсэг хэсгээр нь өрөөндөө дуудаж, ганцаарчилсан уулзалт хийгээд эхэлсэн гэнэ.

Я.ЦЭЦЭГ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Нэр: Sol Kerscher Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.