Зуун айлын замд үүссэн хагарлын буруутан нь хэн бэ?

Монгол гуравдугаар сургуулийн замын урд талын автобусны буудлын орчмын зам өнгөрсөн зун Япон улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар тавигдсан. Гэтэл хагас жил ч хүрэлгүй өнөө зам хэдийнэ хагарч, автомашин зорчиход бэрхшээлтэй болоод байна.

100 айлын уулзвараас “Ардын эрх” хүртэл тавигдсан энэ замын ажлыг “Уорлд еруна” компани гүйцэтгэжээ. Зам засварын ажлын тендерийг тухайн үед булаалдах шахам авсан энэ компани харин одоо нүүрээ буруулах нь тэр.

Тавьсан зам нь эдэлгээ муутай байгаагийн шалтгааныг хөрсний устай холбон тайлбарлана билээ. Тэгээд ч нэгэнт зам засварын ажил нь дууссан тул хэний ч санал, шүүмжлэлийг хүлээж авахгүй гэж байна.

“Уорлд еруна” компанийн инженер А.Гомбодоржийн хэлж буйгаар дээрх замд хөрсний уснаас хамаарч хагарал гарсан гэнэ. Үүнээс үзэхэд дээрх компани 100 айл орчмын замыг шинэчлэн тавих нэрийдлээр хэдий хэмжээний хөрөнгө, мөнгө хувьдаа завшсан нь илт. Тэд энэ талаар тоймтой тоо хэлж хараахан зүрхлэхгүй байгаа юм.

Энэ бүхнээс илүүтэй Улаанбаатар хотын зам засварын ажилд хяналт тавьж, хүлээж авдаг гол байгууллага нь Нийслэлийн авто замын газар аж. Тус байгууллагаас хагарсан замын талаар тодруулахад “Нийслэл дэх авто замуудад хагарал үүссэн нь манайтай ямар ч хамааралгүй” гэв.

Замын ажлыг гүйцэтгэгч компани нь ч тэр, Нийслэлийн авто замын газар ч мөн адил энэ мэт учир битүүлэг хариу хэлээд сууж байгаа нь эмгэнэлтэй биш гэж үү.

Ө.Бота


URL:

Сэтгэгдэл бичих