Барилгын салбарт “чимээгүй аллага” үргэлжилсээр байх уу?

a2e89b240c4e156fd87e08889a862dcb6a085fa1 “Рапид Архитектур Констаркшн” ХХК-ийн бариулж буй энэхүү 40 айлын орон сууцны барилгын 5 давхраас ажилтан нь унаж хүнд бэртжээ.

“Үйлдвэрлэлийн осол бол статистик биш эмгэнэл” хэмээн манай сайт сар гаруйн өмнө сануулан бичиж байв. Барилгын салбарын бүтээн байгуулалт ид эхэлж байсан учир ийн урьдчилан сэргийлж, сэдэв хөндсөн билээ. Харамсалтай нь барилгын компаниудын удирдлага, ХАБ хариуцсан мэргэжилтнүүдийн хариуцлагагүйгээс бүтээн байгуулалтын энэ том салбарт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой осол гарсаар байна.

Энэ хавар бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойшхи жишээ дурдахад дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай залуу ковшины шанаганд дарагдан газар дээрээ амиа алдсан осол гарсан.

Мөн дөрөвдүгээр сард Хүүхдийн ордны хойд талын зам дээр явсан автомашины дээрээс асар том барилгын цементийн хэсэг унаж салхины шил, салоныг нь цөм цохьсон тохиолдол гарсан. Замын хажуугийн баригдаж буй барилга дээрээс уг цемент унасан байна. Хамгаалалтын торгүй барилгууд хүний амь насанд хүрэхэд бэлэн байгаагийн нэг жишээ энэ. Нийслэлд гарч буй нийт ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах тохиолдол байгаа нь жинхэнэ айдас хүйдэс юм.

Тухайлбал, “Хангай” хотхоны хойд талд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын барилга дээрээс тавдугаар сарын 19-нд тус барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байсан 29 настай Г.Хүрэлсүх гэгч залуу унаж хүнд бэртсэн байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэж буй компани хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй, хөдөлмөр аюулгүй байдлыг хангалгүй хямд зардлаар хүн ажиллуулж байгаад ийм осол гаргажээ. Таван давхар барилгаас унасан залуугийн  нурууны яс бяцарч хадуулсан, 10 хадаас нуруундаа зоолгож төмөр бэхэлгээтэй хэвтэрт байгаа аж. Түүний нугасны хальс 3 см задарсан бөгөөд хиймэл хальс оёсон байна. Гэтэл хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад энэхүү осол гарсан барилгын гүйцэтгэгч компанийнхан эргэж уулзсан ч аль болох аргалж, бултах, хариуцлагаас зугтах оролдлого хийж байгаа гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байна.

Дээрх осол гарсан барилгын захиалагч нь Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар, “Гэр хорооллын хөгжил” төсөл бол барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч компани нь “Рапид Архитектур Констаркшн” ХХК ажээ. Тус компанийн гүйцэтгэл хийж байсан барилгаас 2018 онд мөн хүн унаж хүнд бэртэж байжээ. Энэ тухай нийслэлийн барилгын салбарт гарсан ослын талаархи албан ёсны мэдээлэлд дурайж байна. Барилгын талбай дээр нь осол гарчихаад байхад компанийн удирдлагууд хариуцлагагүй хандсан, хохирогчид буруу өгөх гэж оролдсон, мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очих байтугай хэвлэлийн мэдээнээс уг ослын талаар сонссон гэдэг тайлбар хийж суусан гэдгийг ч хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм.

Барилгын салбарт “чимээгүй аллага” үргэлжилсээр байх уу?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны таван давхар барилга дээр ажиллаж байсан залуу энд унаж бэртжээ.

Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман тохиолдол нь өндрөөс кран унасан осол байсан бөгөөд эдгээр ослын улмаас найман хүн амь насаа алджээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд нийт төсвийнхөө 1.5 хувийг зориулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байгаа юм. Барилгын салбарын бүтээн байгуулалт идэвхжиж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулсан. Гэвч барилгын компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээгүйгээр, мэргэжлийн бус түр ажилчид авч ажиллуулж, осол гаргах явдал давтагдсаар байгааг “Хангай” хотхоны барилга дээр гарсан харамсалтай ослоос харж болно.

Цаашид хүний амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, осол эндэл гаргасан барилгын компаниудыг олон нийтэд ил тод зарлан, тэднийг нууц хаацайлалгүйгээр хариуцлага тооцож, алдаа дутагдлаа давтан гаргасан бол бизнесийн нэр хүндэд нь халдах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол барилгын салбарт осол, аваар, золгүй тохиолдол гэдэг нэрийн дор “чимээгүй аллага” үргэлжилсээр байх нь. Жилд 8-10 хүн барилгын талбай дээр амь насаа алдсаарбайх нь жирийн хэрэг гэж үү.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.