Ядуу Балгандорж…

4395

Манай нутагт баян Балгандорж гэж хүн байх. Балдандорж ч юм уу хэн мэдэхэв. Харц доогуур, хоолондоо цадаагүй гөлөг шиг. Нутаг болгонд нэг тийм өлгөөд яръя гэхээр өнгөгүй, үнэлээд магтъя гэхээр гавъяагүй хүн байдаг даа. Мань Балдандорж 90-ээд оны эхээр, цэнхэр ягаан тасалбар моодонд орж бхад Говь-Алтайн Эрчим хүчний станц, кино театр гээд олон ч сайхан байгууллага, байр савыг хувьчлаад авчихсан юм даг. Нөгөө доогуур харц, дорой байдлын цаана ямар муухай цаддаггүй шунал, ханадаггүй сувдаг сэтгэл нуугдаж байсан юм бүү мэд. Томчуудын тохой дор нуугдан байж орж кино үздэг “Хантайшир” кино театрыг маань төдөлгүй махны зах болгочихдог юм даа. Бүх суудал, хана шалыг нь буулган ачиж байсан тэр өдрүүд аймшигтай харанхуй санагддаг юм. Сая очсон, архи тамхи үнэртсэн баар гээч болсон байна билээ. Аймгийн Цахилгаан эрчим хүчний станц ажиллахаасаа ажиллахгүй нь олон. Олон олон лаатай үдшүүд…одоо ч өвөлдөө халаалт муутай, орон сууц албан байгууллагынхан хөлдөж үхэх дөхнө. Эмээ нар баян Балгандорж үхээсэй гэж цухалдан үглэхийг олонтаа сонсож л байлаа. Өвчин хөөцөлдсөн, өвгөн настай хүмүүс хүйтэн байранд хөл, гар хүйтэн өвөлжих энүүхэнд. Тэр тоолондоо Балган ч билүү, Балдандоржийг муугаар дурсана. Өнөөх нь үхэхээ байг гэхэд яасан ч шуналын сав нь дүүрдэггүй, шуудайныхаа ёроолыг нөхдөггүй лай юм. Шинэ байр байшин барьсан хүмүүс баян Балдандоржоос халаалт хүсч очно. Боодол мөнгийг юман чинээ боддоггүй, борлон ямааг боодог чинээ санадаггүй бирд шиг л аашилж угтдаг гэлцэх. Үе үеийн аймгийн засаг дарга нар мань Балдандоржтой шүүхдэнэ. Эрчим хүч хэмээх онцгой объектыг анх хувьчилж авахдаа хийсэн гэрээний зүйл заалтаа биелүүлээгүй бол хувьчлалыг хүчингүй болгох боломжтой юмсанж. Даанч баян Балгандорж аймгийн байтугай шүүх прокурорыг ядах юмгүй худалдаж авчихаад ямбайж суудаг гэх. Ийнхүү ганц хүний эрүүл бус галзуурал дор Алтай нутгийнхан царай алдсан үе гурван аравнаар хэмжигдэх байх. Тэгсэн саяхнаас гэрэлтэй мэдээ чих дэлсэв. Нөгөө муу хэлүүлж модоор цохиулдаг ганц гишүүн Раднаасэд аймагтаа Дулааны цахилгаан станц барихаар хөөцөлдөж, дэлхий самнаж яваад Солонгосоос хөрөнгө оруулалтыг нь бүтээчихэж. Баян Балдандоржийн ноёрхлыг нам дарж, навсайтал унагаах аавын хүү байдаг л юм байна хэмээн хөгшчүүд сэм сэмхэн хөөрөлдөж сууна. Бас яг одоо миний ард байгаа бараг 100 жилийн настай энэ музей ч удахгүй шинэ байртай болно. За тэгээд, нутаг усаараа л баян гэлцэх юм, ямар юмных нь баян байхав дээ. Би бол сэтгэл ядуу, оюун ядуу ядарсан эр гэж боддог. Гуйлга гуйж суугаа хүнээс долоон дор, ядуугийн ядуу ийм нэг хүн манай нутагт байх…

P.ЭМҮЖИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.