Баабарын үг биеллээ олж АН ёроолдоо тултал уначих шиг боллоо

content_photo2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан тухайн оны сүүлчээс АН-ынхан шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Ингээд ардчилсан зарчмаар намын удирдлагуудаа сонгож, дүрэм журмаа шинэчлэхээр тогтсон. Намын даргын сунгаа 2016 оны сүүлчээс эхэлж 2017 оны нэгдүгээр сарын 30-нд ялагчийг зарласан. Ялагч нь С.Эрдэнэ болж АН-ын дарга болов.

Яг тэр мөчид нийтлэлч Баабар цахим сүлжээгээр дамжуулан нэгэн үгийг “хэлсэн” байдаг юм. Тэрээр “…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэсэн. Баабар, С.Эрдэнэ хоёр сайнгүй. Муухайгаа тун ч муухай уудлалцсан хүмүүс. Гэхдээ Баабар бол АН-ын л хүн. Тэр тусмаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад бараг л суурь нь болж байсан Соцдек-ийн угшилтай. Тиймээс Баабарын үгийг намынх нь гишүүний байр суурь хэмээн ойлгож болно гэсэн үг.

Бас С.Эрдэнийг АН-ын дарга болсноос сарын дараа baabar.mn-д нийтлэгдсэн нэгэн тоймд “…С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч АН-ыг нөмрөн авлаа” гэж бичсэн байсан. Баабар бас тэр үед АН-ын ҮЗХ-ны хурал дээр С.Эрдэнийн нүдэн дээр намынхандаа “…Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх гэж үү” гэж байв.

АН-ын даргын тамгыг атгасан гараан дээрээ ийм зөгнөлтэй ажлаа эхэлсэн С.Эрдэнэ удахгүй барианд орох гэж байна. Жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харвал энэ нам С.Эрдэнэ даргынхаа үед маш том уналтыг үзсэн байна. Навс ялагдсан ч УИХ-д есөн суудалтай бүлэгтэй байлаа. Харамсалтай нь бүлэг нь зөвлөл болтлоо бутарч, бүлгээс нь өрх тусгаарласан хоёр гишүүн “эр хоёр загал” шиг явсаар шинэ нам байгууллаа. Тэр нам нь АН-аас ч идэвхтэй ажиллаад эхэллээ. Хамгийн гол нь УИХ-ын нэг субъект болж, сөрөг хүчний байр суурь дээр байсан АН энэ чадамжаа алдав. Алдаа ч үгүй л дээ, өөрсдөө үгүй хийв.

Бүлэг нь тарснаас хойш АН-ын дуу хоолой тэнгэрт ч үгүй, газарт ч үгүй болж орхисон. Одоо АН жагсана уу, сууна уу эрх баригчдад лав ялгаагүй. Чуулганыг бойкотлох эрхгүй. Нэг иймэрхүү болчихсон. Ингээд тогтвол их юм болохоор болоод байна. Хэд хоноод л АН-ын хэдэн гишүүн хэвлэлийн бага хурал зарладаг. “…АН-аас гарлаа” гэж мэдэгддэг. Тоолбол овоо хэдэн гишүүн олны өмнө намаасаа татгалзлаа.

Ингэхээр С.Эрдэнэтай АН-д ирэх сонгуульд найдвар тун бага болж байгаа юм. Харин бүлгээ тараасан шигээ намаа тараачихгүй сонгуультай золговол их юм болоод байна. Сонгуулиас өмнө өөрийг нь ч намаас нь гаргачихаж мэдэхээр салхи АН-д сэвэлзээд эхэлсэн байдаг шүү.

Ер нь бол товчлоод хэлэхэд Баабарын үг биеллээ олчих шиг боллоо. Тэр “…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэсэн юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.11  МЯГМАР  №118  (6085)

Б.ДАМДИН-ОЧИР

 


URL:

Сэтгэгдэл бичих