Улс төрчид “Сахал” Д.Эрдэнэбилэгийг золиосолж, өөрсдөө цэвэр үлдэх гэж байна

58d8a0255e1aa7709852db1f23eace01Дарга нар, улстөрчдийн эрх ашиг л их томоор хөндөгдөж байна. Хувийн компани мэдээж үр ашигтай ажиллах гэж зүтгэнэ.

Д.Эрдэнэбилэг ХХБ-ны ТУЗ-ийн дарга

2016 оны хавар Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авсантай холбоотойгоор үүссэн маргаан одоо хүртэл Монголын улс төрийг доргиож байна.

Монгол хүн бүр мэдэх болсон шахуу энэ хэргийн угт яг юу байсан юм бэ?

ЗААГ

Business хэмээх үгийн утгыг тайлбар толиудаас харвал “ашиг олохыг зорилго болгосон байгууллага, үйл ажиллагаа” гэжээ. Бизнес эрхлэгч ашиг олох, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах нь зүй ёсны бөгөөд төрд бүртгүүлсэн, татвараа төлсөн бол энэ нь хуулиар хамгаалагдах ёстой үйлдэл юм.

Харин улс төр бол тухайн улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн төлөө шийдвэр гаргах, засаглах үйл ажиллагаа бөгөөд улстөрчдийн эрхэм зорилго нь хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, эдийн засаг, аж ахуйн асуудлаар шийдвэр гаргах, гүйцэтгэх эрх мэдлийг олон нийтийн өмнөөс эдлэх эрх бүхий этгээд юм. Олон нийтийг төлөөлж байгаагийн хувьд улстөрч нь хувийн ашгийн талаар бодох, төлөвлөх, ашиг унагах эрхээ хязгаарлуулдаг.

Бизнес нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах, татвараар төсөв бүрдүүлэх тустай тул төр хамгаалалтдаа авч, дэмжиж, тэтгэж ирсэн уламжлалтай ажгуу. Иргэншсэн ертөнцөд Doing business буюу бизнес эрхлэх боломжийг хэр зэрэг өргөн, хүртээмжтэй байлгаж байгаагаар нь засаглалыг үнэлэх, хэмжих болжээ. Засгийн газруудын тэргүүлэх зорилт нь бизнесийг дэмжих, бизнес эрхлэлтийг өргөжүүлэх замаар татварын бааз сууриа тэлэх юм.

Гэтэл Монголд 2000 оноос хойш улстөрчид бизнесийг ямар нэг бузар зүйл, бизнес эрхлэгчдийг луйварчид гэж харуулах давалгааг эхлүүлжээ. Иргэний нийгмийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг улс төрчид бизнесийнхэн рүү турхирах, ноцуулах нь хэвийн үзэгдэл бөгөөд энд тэнд барилга барьж буй компани, бүтээн байгуулалт өрнүүлж буй бизнес эрхлэгчдийг ноолж амьдардаг бүхэл бүтэн давхарга үүсэн, төгөлдөржиж байна. Бизнес эрхлэгчид улсад татвар төлөх нь хангалтгүй болж упстөрчдөд авлига, шантаажны ТББ-уудад өглөг өгөх үүрэгтэй болж хувирав. Civil society нийгэм гэдгийг Монголд бизнесийг нураадаг, гацаадаг хүмүүс гэж ойлгох хүртлээ явцуурчээ. Ийм зааг ялгаануудыг зориуд дурдахын учир нь Сахал Д.Эрдэнэбилэг хэмээх үзэгдлийн мөн чанарыг гаргахад тус болно гэж үзснийх юм.

САХАЛ ЯГ ЯМАР “ХЭРЭГ” ҮЙЛДЭВ?

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 330 дугаартай нууц тогтоол гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах эрхээсээ татгалзаж байгааг ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдэхийг Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав. Оросын тал хувиа зарах тохиолдолд тэргүүн ээлжинд Монголын талд санал болгох гэрээтэй юм. Энд Засгийн газар буюу Төр шийдвэр гаргасан байна. Тэд өөрсдөө татгалзсан учраас Оросын тал сонирхсон бусад этгээдэд санал болгох эрх нээгдсэн хэрэг. Төрийн шийдвэрт эргэлзэх, шүүн хэлэлцэх шаардлага бизнесийнхэнд байхгүй.

Энд үүсэж байгаа гол маргаан нь Стратегийн ордын өмч, хувьчлал, эзэмшлийн асуудлыг гагцхүү УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай байхад зөвхөн Засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэх асуудал болоод байгаа билээ. Уг нь ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас татгалзах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол хууль зөрчинө хэмээн зөвлөж байжээ. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэлгүй, шийдсэн байна.

Үүнд бизнес эрхлэгчдийн буруу огт байхгүй. Тэд шийдвэр гаргаагүй. Төрийн нэг институци л ншйдвэрээ гаргасан. Үүссэн боломжийг бизнесийнхэн ашигласан. Засгийн газар нь шийдвэрээ гаргасан байхад эргэлзэх, татгалзах нь утгагүй. Буруу байгаа бол шийдвэр гаргагчдад л байна.

Д.Эрдэнэбилэг энэ тухай “2016 оны 6 дугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, Ерөнхийлөгч В.Путинтэй зөвлөлдсөний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд буй 49 хувийг худалдах захирамж гаргасан байдаг. Энэ захирамжид ОХУ-ын Хууль зүйн сайд, Худалдааны сайд, Сангийн сайд нар болон бусад холбогдох албан тушаалтан нь бүгд оролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг… “Хоёр улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн өөрсдийн  мэдэлд байсан 49 хувийг 37 дахь жил дээрээ л зарсан хэрэг”… “Зарах гэж байгаа компани нь ОХУ-ын компани. Тэр дундаа өндөр технологийн компани. Тийм болохоор нээлттэй байх эсэх нь Тэдний асуудал. Өмчөө зарах гэж байгаа хүн тодорхой нөхцөл тавиад, тэрийг нь биелүүлсэн тал гарвал арилжаа хийнэ. Энэ хэлцлийн явц удсан шалтгаан юу юм гэхээр …Казахстан, Хятадын компаниуд санал тавиад, оросуудтай ажиллаад эхэлчихсэн байсан. Энэ нь өөрөө үнийн өрсөлдөөнийг бий болгосон. Анхны “Монголын зэс корпораци”-ийн өгсөн үнэ бол ийм үнэ байгаагүй, 200 орчим сая ам.доллараар авчихаж болох юм гэсэн тооцоотой байсан. Гэтэл явцын дунд үнэ … нь 400 сая ам.доллар орчим дээр хүрч зогссон. “Монголын зэс корпораци”-ийнхны хувьд бараг л авах хэрэг байна уу даа гэхээр түвшинд очсон … Асуудал юун дээр хүндэрсэн гэхээр нэгдүгээрт, үнэ өссөн. Хоёрдугаарт, Оросын тал төлбөрийн 50 хувийг төлсөн нөхцөлд үлдэгдлийг нь зээл хэлбэрээр өгч болно гэсэн юм…. “Ростех” корпораци гурван жилийн дотор цувуулаад төлөх нөхцөл санал болгосон. Үнэндээ бол төлбөрийг хоёр хувааж хийх нь “Монголын зэс”-ийн сонирхож байсан хэсэг. Хэлцэл цааш өрнөж “Baker McKenzie” гээд Лондонгийн том хуулийн фирмийг Оросын тал хөлсөлсөн. Монголын тал “Skadden” гэх Америкийн том компанийг хөлсөлж авсан. Энэ үед Орос олон улсын хоригт орсон байсан. Хориг  тавиулчихсан айлтай харьцаж, бизнес  хийнэ гэдэг ухаан зарсан асуудал болсон л доо. Хуулийн зөвлөгөө өгч байсан айлууд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн…. төлбөрийнхөө 50 хувийг нь өгчихөөд, үлдсэн 50 хувийг нь цувуулж төлөх нөхцөл Олон улсын хууль дүрэм зөрчих буюу “санхүүжилт хийсэн” гэх ангилал руу орчих юм байна. Төлбөрөө 100 хувь төлөөд авчих юм бол “худалдан авалт” гэж үзнээ гэж. Ингээд нэг бол бүгдийг нь төл, үгүй гэвэл баяртай гэсэн хоёр л ойлголт үлдлээ дээ. Хэлцэл амжилттай дуусах нь чухал, хугацаа  богино байсан. Асуудлууд ар араасаа гарч ирcэн. Үнийн дүн өссөн, бүтэн төлбөр хийж  дуусгахаас өөр хуулийн гарц байхгүй байсан учраас нэмэлт санхүүжилтийн асуудал яригдсан. Нэмэлт санхүүжилтийг  ХХБ хуулийн хүрээнд шийдвэрлэж, мөн зөвлөгөө өгсөн” Бизнес эрхлэгчийн нүдээр харахад үйл явдал ингэж л өрнөжээ.

Энд улстөрчдийн баримталж байгаа нэг сонин логик бий, бас зориуд тархааж буй хуурмаг нэр томъёо ч буй. Сонин логик гэдэг нь Оросын тал 49 хувиа эзэмшиж байхад хэн ч юу ч хэлээгүй, гомдоллоогүй атлаа монгол компани худалдан авлаа гэнгүүт бухимдаж, сандралдаж эхэлсэн байдаг. Зүй нь Монголын тал Эрдэнэт үйлдвэрээс орох татвараа 100 хувь авах болсонд баярламаар.

Хуурмаг нэр томъёо гэдэг нь “Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал” юм. Хувьчлал гэхээр зүйл энд болоогүй, Оросын тал өөрийн эзэмшлээ бусдад худалдсан асуудал л бий. Д.Эрдэнэбилэг “Санаатай, санаагүй андуурал их том явдаг л даа. 49 хувийн асуудал дээр гэхэд хувьчлал гээд л ярьж бичицгээх юм. Энд хувьчлагдсан юм ерөөсөө байгаагүй” гэж хэлж байжээ.

Тэгэхээр Сахалын үйлдсэн “хэрэг” гэдэг нь товчхондоо бол улстөрчдийн хүсээгүй наймааг хийчихсэнд л байж. Хэзээ нэг цагт авна даа гэж төлөвлөж байсан хүмүүсийн төлөвлөгөөг тасалж урдуур нь орсон ч байж мэдэх юм. Энд гол буруутан нь анхнаасаа улстөрчид л байсан. Ч.Сайханбилэг гэх улстөрч гаргасан шийдвэрээ толгойгоороо хариуцах ёстой. Ц.Элбэгдорж гэх улстөрч Ч.Сайханбилэгийг дэмжиж, түлхэж байж шийдвэр гаргуулсан юм бол, сайд асан Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Болор нарын улстөрчид шийдвэр гаргалтад оролцсон, хамжсан юм бол тэд л буруутай, тэд хариуцлагаа үүрэх ёстой. Тэдний гаргасан шийдвэрийг дагаснаараа бизнес эрхлэгч буруутах ёсгүй. Д.Эрдэнэбилэг хэмээх бизнес эрхлэгч монголчуудад нэг зүйлийг тодорхой ойлгуулж өглөө. Улс төр, бизнес хоёрын зааг ялгаа хаана байдаг  гэдгийг.

САХАЛЫГ “ЗОЛИОСЛОХ” СОНИРХОЛ УЛСТӨРЧДӨД БАЙНА

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотойгоор улстөрчдийн хоёр хандлага ажиглагдаж байгаа юм. Эхнийх нь энэ асуудлыг хувьчлалын луйвар, залилан мэхэлсэн хэрэг байсан гэж ойлгуулах замаар айсуй сонгуульд оноо авахыг эрмэлзэж  буй улстөрчид байна. Хэн хэн болохыг нь олон нийт хэвлэлээр хийж буй сүржин мэдэгдлүүдээр нь баримжаалчих тул тоочих нь илүүц биз.

Д.Эрдэнэбилэг үүнийг анзаарч “Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн шүүх хурал болсон өдөр баривчилгаа нь явагдлаа. Үүнийг би 51 хувийнхаа эзэмшил дээр төрийнхний өөрсдийнх нь хийсэн тэр маапаантай хэрэгтэй нь холбоотой зориудын давхцал гэж бодож байгаа. Хоёр дахь юм нөгөө сонгууль гэдэг нь ойртож байгаагийн шинж юм болов уу” хэмээн дүгнэжээ.

Эрдэнэтийн 49 хувийг монгол компани худалдан авсан мэдээг анхнаас нь сонгуулийн шоу болгон хувиргасан хүмүүс нь улстөрчид юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийнхөө намыг ялагдуулах Ц.Элбэгдоржийн хүсэлтийг биелүүлэхийн тулд ХЭРЭГГҮЙ ЦАГТ ОЙЛГОМЖГҮЙ МЭДЭГДЭЛ хийснээр улс төрийн тоглолт хийх барьцыг өрсөлдөгчдөө зориудаар өгч, хэрүүлийн тавцанг зассан билээ.

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга маш тодорхой ярьсан байдаг. Тэрээр “2016 оны сонгуулийн санал хураахаас нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг ойлгомжгүй товчхон мэдэгдэл хийсэн. Тэр үед би нийслэлийн сонгуулийн штабыг удирдаж, Д. Дорлигжав төв намаас сонгуулийн удирдлагад оролцохоор ирж байсан ийм цаг үе. Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн араас МАН-аас “Ардчилсан намынхан Эрдэнэт үйлдвэрийг хуваагаад идлээ” гэх пиарыг зогсоо зайгүй хийлээ. Манай пиарын баг АН-ын дарга, удирдлагууд тодорхой хэмжээний мэдэгдэл хийхгүй бол сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч хэлж байсан” гэжээ. Д.Эрдэнэбилэг “Би бол үүнийг анхнаасаа л улстөржилт гэж хардаг. Түрүүн надаас та асуусан шүү дээ. Сонгуулиар л пижигнэлдсэн, намууд өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлж ашигласан гэж. Уг нь сонгууль л болж байгаа болохоос дайн болоогүй байх л даа. Ялахын донд автсан улстөрчид цаадах наадахыг бодоогүй. Ёстой юу дуртайгаа хамаагүй л хийсэн. Тэрийгээ их хорлонтой хийсэн. Сонгуулийн сурталчилгаа хаачихсан мөчид л Төрийн мэдэлд байдаг 51 хувийн маань 49-ийг нь зарчихжээ гэж бүр цацсан шүү дээ … Тэр үед хүмүүс 51 хувийнх нь 49-ийг нь зараад Монголд хоёрхон хувь нь л үлдсэн юм байна гэж ойлшцгоосон. Эд нарын сонгуулийн тоглоомынх нь пиар болж хувирсан л даа” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Сонгуулийн дараа 2020 оныг уггсан упс төрийн онооны өрсөлдөөнд Эрдэнэтийн 49 хувь ахин орж ирлээ. Энэ удаа Ц.Нямдорж сайд гол дүрд тоглох болсон бөгөөд туслах дүрийг Ж.Батзандан тэргүүтэй популистуудад оноосон байна. Тэдний үүрэг зорилго нь сонгогчдод шударга сайн хүн болж харагдахын хажуугаар Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкны зээлийн барьцаанд тавьсан гэмт үйлдлийг бүдгэрүүлэх, саармагжуулах, анхаарлаас холдуулах байсан нь болж өнгөрсөн үйл явдлууцаар нотлогдож байгаа юм. Хийрхэл, улстөржилт гаарч байхад олонд сонсогдоогүй ч эрүүл саруул дуу хоолой бас байсан. Эдийн засагч Ч.Отгочулуу тухайн үед “Бид гадагшаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй юмаа гэхэд өөрсдийнхөө өмчийг гаднаас оруулж ирэх нь зөв.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан эсэхийг сонгуульд улайрсан Монголын улстөрчид тогтоохгүй л дээ. Оросын “Ростех” бол том компани. Тэд манайхантай хуйвалдах хүмүүс биш. Оросуудын явуулсан сонгон шалгаруулалтыг даваад Казахстан, Хятадын компанитай өрсөлдөөд өмчөө аваад ирсэн бизнесменүүдээ хорьж, шалгаад байх ямар шаардлагатай юм бэ. Улс төр юм даа” хэмээн ярилцлага өгч байжээ.

Улстөрчдийн өөр нэг хандлага нь гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхээс зайлсхийж, Д.Эрдэнэбилэгийг золиослох замаар өөрсдөө цэвэр үлдэхийг хичээж буй байдал юм. Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан хорих шийдвэр гарахын урд орой нь энэ талаар мэдээлэл авсан Ц.Элбэгдорж хил даван зугтаасан байна. Тэрээр ойрын хүндээ “7 сарын 15 гэхэд ямар ч асуудалгүй болно. Тэр үед буцаад ирнэ” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Одоогоор хэн ч няцаагаагүй байна. Ц.Элбэгдоржийн томилсон хууль шүүхийн албан тушаалтнууд зөвхөн Д.Эрдэнэбилэгийг буруутгаад хэргийг сэдсэн, шийдвэр гаргасан улстөрчдийг авч үлдэх магадлал байгааг Ц.Элбэгдоржийн орголтын үед хэлсэн үг илэрхийлж байж болох.

Түүнээс гадна Ч.Сайханбилэг генерал Б.Хурцын 50 насны ойн баярыг тэмдэглэх үедээ “Сахлыг” жийх замаар Ц.Элбэгдорж бид нар цэвэр үлдэх боломж бүрдсэн” гэж ярьсан гэх мэдээ, фото сурвалжлага ч нийтлэгдэв. Бас л хэн ч үгүйсгэж няцаасангүй. Чин үнэндээ бол улстөрчид гаргасан шийдвэрээ хариуцах ямар ч чадваргүй байгаа учраас Монголын улс төр ийм үлбэгэр байгаа юм. Алдсан алдаагаа хариуцах, байгуулсан гавьяагаа үнэлүүлэх чадвар улстөрчдөд байх ёстой. Тэдний гаргасан шийдвэрт итгэж худалдан авалт хийсэн хүмүүс яагаад буруутах ёстой гэж.

Д.Эрдэнэбилэг маш эрүүл, прагматик байдлаар ингэж дүгнэж хэлжээ. “Би улстөрч хүн биш учраас өөр олон юм яримааргүй байдаг. Нийгэм эрүүлжээд улс хөгжөөд ирвэл тэгээд зүгшрэх л байлгүй. Миний үүрэг бол би урдах ажлаа сайн хийх. Эх орондоо өөрийнхөө чадах зүйлээрээ л би нэмэр болж байгаа. Татвараа сайн төлж байгаа. Бизнесээ сайн хийж байгаа. Хүн болгонд л өөр өөрийн хийх юм байдаг. Миний хувь нэмэр бол энэ л байх”

Бизнес эрхлэгч нь ажлаа сайн хийгээд өмчөө худалдаж аваад иржээ, одоо улстөрчид нь ажлаа хийж, хариуцлагаа хүлээмээр байна даа.

С.Ган-Өлзий

www.sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.