ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ”НАМНАХ” С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

olloo_mn_1560903754_olloo_mn_1496207678_olloo_mn_1480669361_JAWKHLAN

ЖДҮХ сангаас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий ойр дотнын хүмүүс зээл авсан нь олон нийтэд ил болж, зарим гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн. Улмаар гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцсэн ч ангийн нөхдөө гишүүд хамгаалан үлдсэн юм. Тухайн үед уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр ерөнхий прокурорын зүгээс “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Энэ хүмүүс хуулиар “ингэж болохгүй, тэгж халдаж болохгүй” гээд олон бүрэн эрх байдаг” хэмээж байсан юм.

Ийнхүү гишүүний халдашгүй дархан байдлаар халхавч гишүүд суудалдаа үлдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан дээрх асуудлаас үүдэн хууль санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэрбээр “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээх заалт бий. Гэвч өнөөдөр эрхэм гишүүд улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр УИХ-ын гишүүн болсон мэт аягалдаг. Иймээс С.Жавхлан гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.  Эрхэм гишүүний санаачилсан хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж, гишүүдийн дэмжлэгийг хүлээх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Н.АСРАЛТ
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.