Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэг хоёр удаа мөрдөн байцаалтаас буцжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас энэ онд хэвлэл мэдээллийнхэнтэй тогтмол уулзаж хийсэн ажил, эрүүгипн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлж байхаар шийдвэрлэсэн.Энэ дагуу өчигдөр 14.00 цагаас Улсын Ерөнхий Прокурорын газрын хурлын танхимд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба болон Тээврийн прокурорын газраас хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзаж мэдээлэл хийсэн юм. Тээврийн Прокурорын газарт өнгөрсөн онд гэмт хэргийн тухай 5217 гомдол мэдээлэл, эрүүгийн 1509 хэрэгт мөрдөн байцаалтын хяналт тавьж ажилласан байна. Эрүүгийн 1366 хэрэг буюу 90.5 хувь нь замын цагдаагийн газар, төмөр замын дахь цагдаагийн хэлтэс мөрдөн байцаах тасгаас 13 хэрэг 0.9 хувь нь, иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд нэгдүгээр сарын 4-ний оройн 22.00 цагийн орчим зам хөндлөн гарч байсан 20-25 насны эмэгтэй Замын цагдаагийн машинд мөргүүлсэн хэрэг гарсан талаар хэвлэлээр мэдээлж байсан. Тухайн үед цагдаа хүн мөргөөгүй, хар машинтай жолооч мөргөөд явсны дараа замын цагдаа нар таарч, тусламж үзүүлсэн гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байсан юм. Уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж байсан. Хэргийн явц байдлын талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас тодрууллаа.

-Замын цагдаа хүн дайрсан гэх хэргийг танайх шалгаж байгаа гэсэн. Харин Замын цагдаагийн газраас өөр машин дайрсан гэх мэдээлэл өгч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай албанд өнгөрсөн онд авто ослын 35 хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн хэрэг нэмэгдэж байна Энэ хэргийг шалгахад эхлээд хар машинтай хүн дайрсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр батлагдаж байгаа юм. Тэр дайрсан хүнийг тогтоож шалгуулахаар харьяаллын дагуу Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн.

-Дайруулсан явган зорчигч тухайн үед амьд байсныг харсан хүн байдаг юм билээ?

-Тухайн үед амьд байсан юм билээ. Газар дээрээ биш, гэмтлээ даалгүй нас барсан гэх хариулт өгсөн юм.

Тээврийн прокурорын газрын дарга Б.Жаргалсайханаас энэ талаар тодруулахад:

-Цагдаа холбогдсон учраас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хэргийг шалгасан. Шалгах явцад тухайн явган зорчигчийг эхлээд энгийн хүн дайрсан болох нь тогтоогдсон. Тиймээс уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа. Цагдаа буруутай эсэхийг шүүх тогтооно.

-Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон авто машины осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Уг хэрэг шүүхэд хоёр удаа очсон ч хоёуланд нь нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тус шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг арав хоногийн дараа гаргасан. Д.Эрдэнэ-Отгонд холбогдох автомашины ослын хэрэгт Замын цагдаагийн газраас шинжээч ажилласан ч шүүхээс бүрэлдэхүүнд нь шинжээч томил гэх үндэслэлээр буцаасан тул ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн шинжээч, Замын цагдаагийн газраас хамтарсан шинжээч ажилласан.

“Автобус-1″ ХХК-ийн жолооч Ш.Цэнгэлжаргал нь гурван явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бол?

- Уг хэрэгт анхан шатны шүүхээс өнгөрсөн оны зургадугаар сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин гурван хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцон Эрүүгийн хуул”-йин 215.4-т зааснаар шйитгэгдсэн байгаа.

Н.АЛТАНЦЭЦЭГ

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.