ГССҮтөв нь дэлхийн зах зээлд чанараараа гологдож байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна уу?

712-1560914390gemtel-e1553670683409Улсын зарим эмнэлгүүд дэлхийн II дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Тэр дундаа Монголдоо ганц хэмээн нэрлэгддэг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яг ийм нөхцөл байдалд орсон төдийгүй авлига, хээл хахууль, хууль бус ажиллагаа газар авсныг албаныхан энэ үеэр онцоллоо.

Үнэндээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа дайны үеэс ч дордсон гэхэд хилсдэхгүй.Энэ тухай ганц баримт хүргэхэд монгол хүнд хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжээтэй түнх, өвдөгний үений хангамж саяхан тасарснаар хагас сар шахмын хугацаанд уг мэс ажилбар бүрэн доголджээ. Ингэснээр өвчтөндөө үеийг тааруулах уу, үендээ өвчтнөө тааруулах уу гэдэг асуудал эмч нарын өмнө тулгарах болсон байна. Эл мэс ажилбарыг өдөрт багадаа 5-6 хүнд хийдэг талаар тус эмнэлгийн эмч нар ярьж байна. Гэвч хиймэл үе нийлүүлэх тендерт шалгарсан “Агьфарм” компанийн хариуцлагагүй байдлаас болж ийнхүү олон хүнийг чирэгдүүлж өвчиндөө шаналахад хүргэсэн байна. Учир нь тус компани бүтээгдэхүүнээ тасалдуулаад зогсохгүй хуулийг гууль болгож, иргэдийн амь насанд заналхийлж байгааг эмч нар хэлэв.
Хамгийн эмгэнэлтэй нь дээрх сонгон шалгаруулалтад тус төвийн дарга Т.Мөнхсайхан холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Тендерт шалгарсан “Агьфарм” компани нь 2017 оныг хүртэл ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайханы ойрын хүний эр дээр бүртгэлтэй байжээ. Гэвч түүнээс хойш хэд хэдэн хүнийг дамжуулан шилжүүлж, эзэмшигчийг нь өөрчилснөөр өөрийн ашиг сонирхлоо баталгаажуулж авсан гэх мэдээлэл байгаа юм. Юутай ч даргын хамаарал бүхий гэгдэж байсан эл компани өдгөө тендерт ялахаар барахгүй иргэдэд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж байгааг нэхэн сурвалжиллаа.
ТЕНДЕРИЙН ХОРОО ЭМДҮЗӨВЛӨЛИЙН ЖУРМААР АМАА АРЧААД ХАЯСАН УУ?
Гэмтэл согог судлалын үндэсний төв 2019 оны эхээр ГССҮТ/201901001 тоот тендер зарлажээ. Дөрвөн үе шаттай уг тендерт дөрвөн аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн байдаг. Хачирхалтай нь хамгийн өндөр үнийн дүн ирүүлсэн хоёр компани тендерт шалгаруулсан нь анхаарал татна. Тодруулбал, “Агьфарм”, “Медмонгол” компаниуд бусад оролцогчдоос 30-180 сая гаруй төгрөгөөр илүү үнийг санал болгосон байгаа юм.
Уг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 17 дугаар тоот тогтоолоор батлагдсан журам бий. Уг журмын 3.2-т зааснаар хиймэл өвдөг үений үнэ нь тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй байх улмаар тендер шалгаруулалтад оролцогчдоос эмнэлгийн хэрэгсэл тус бүрт ирүүлсэн үнийн саналын 75 хувийг ЭМД-ын сангаас төр хариуцан төлөхийг заажээ. Өөрөөр хэлбэл, уг журмын дагуу ЭМДЕГазар тогтоосон үнийг харгалзан түүнээс хэтрүүлэхгүй байж, түүнийг тендер шалгаруулалтад баримталж иргэдийн эрх ашгийг дээдлэхийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд анхааруулж шаардсан байдаг.
Гэвч тэр анхааруулга хийгээд албан бичгийг тус эмнэлгийн удирдлагууд авч хэлэлцсэнгүй. Шулуухан хэлэхэд, дээд удирдлагын үг ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайхан болоод тендерийн хорооныхонд падлийгүй гэдгийг үйлдлээрээ батлах нь тэр. Тиймдээ ч дээд хязгаараас хэтэрсэн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл санал болгосон тендер оролцогчийг шалгаруулсан. Энэ тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 11-ний өдрийн А1/419 тоот албан бичигт бий.
Тэрхүү албан бичигт ГССҮТ дээрх журмыг баримтлаагүй, Үнэлгээний хороонд саналаа ирүүлээгүй талаар онцолсон байна. Ингэснээр өвчтөнүүдийн нуруун дээр ачаалал үүсгэж, халаасыг нь тэмтрэхээр байгааг ч дурьдсан байна.
Үнийг төрөөс зохицуулж, дээд хязгаарыг тогтоож байгаа нь хэн нэгний завтайдаа, хийх ажилгүй дээ зохиосон зүйл биш юм. Тогтоосон үнийн дүнг хэтрүүлсэнээр өвчтөний халааснаас гаргах төгрөг нэмэгдэнэ. Зүй нь өнөөх журмын 3.3-т зааснаар танай эмнэлгийн ханган нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдан авах гэрээнд заагдсан хэрэгслийн үнийн дүнгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөрийн дүнг хассан зөрүүгээр тооцох тул дээд хязгаартай уялдуулан тогтоосон дээд үнээс давсан үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байх, даатгуулагч иргэнд санхүүгийн дарамт учруулахгүй байхыг анхааруулсан нь учиртай юм.
Т.МӨНХСАЙХАНД ИРГЭДИЙН АМЬ НАС ХАМААТАЙ ЮУ?
Татвар төлөгчдийн мөнгө ч дүүрч гэж бодьё. Гэтэл үүнээс аймшигтай нь тендерт шалгарсан компани чанарын шаардлага хангахгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй “бараа” нийлүүлсэн явдал. Тендерт шалгарсан компани зах зээлээс аль 2010 оноос эхлэн чанарын гологдлын улмаас ихээхэн хэмжээгээр зах зээлээс бүтээгдхүүн нь татагдаж байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Тодруулбал, “Жонсон & Жонсон”-ы “Депью Ортопедик Корпораци”-ийн түнхний үе солих системийг эхлэн 2010 оны 08-р сарын 24-ны өдөр зах зээлээстатсанбаримт байдаг.
Учир нь 8 өвчтөн тутмын 1-д амжилтгүй болсон тохиолдол бүртгэгдсэн нь судалгаагаар баталгаажжээ. Уг нь тухайн байгууллага доголдолтой төхөөрөмжийг сольсон хэдий ч үүнээс үүдэн ойрын хэдэн жилдээ илрэхгүй боломжгүй маш аюултай, үхэлд ч хүргэж мэдэх хор хөнөөл  байсаар байгааг цахим хуудаснаа байршуулж олон нийтэд мэдэгдсэн байдаг.
Гэвч моод Монголоор дуусахгүй гэгчээр ГССҮТ-ийнхөнд тендерт шалгарсан компани өнөөх үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байх жишээтэй. Гэмтлийн эмч нар шаардлага хангахгүй, бидний хэлдгээр моодноос гарч, үеэ өнгөрөөсөн өнөөх бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хор учруулж байгааг удирдлагууддаа хэлсэн ч үг аваагүй аж.
Энэхүү өвдөг, түнх солих мэс ажилбар амжилтгүй болсон шалтгаанууд нь суулгац сулрах, тохируулгаа алдах, халдварт өртөх, ясны цуурал болон мултрал нь өнөөх компанийн нийлүүлсэн бүтээгдхүүнээс үүдэлтэй байж болзошгүй гэж эмч нар хэлж байна. Түүнчлэн түнх солиулсанаас үүдэн гарах хүндрэлүүд цусанд металын ионы хэмжээ нэмэгдэх, ясны сийрэгжилт,үхжих, хаван, мэдрэлийн гэмтэл, эдийн гэмтэл болон булчингын гэмтэл ч дээрх мэс ажилбартай холбоотой байж мэдэх гэнэ. Үнэндээ ч ийм үе суулгуулсан өвчтнүүд эргэн эмнэлэгт хандах нь түгээмэл аж. Гэвч тухай бүрт нь эмнэлгийн тусламж үзүүлсэн болоод буцаадаг гэнэ. Үүнээс өөр арга байдаггүй талаар ч эмч нар сэтгэл зовнингуй ярьж байсан юм.
Т.Мөнхсайхан тэргүүтний шүтээд байгаа дээрх чанарын доголдол ихээхэн гарсан үйлдвэрийн бүтээгдэхүүнээс дэлхийн улс орнууд татгалзаад зогсохгүй, тухайн байгууллагыг шүүхэд өгч, иргэдийнхээ эрүүл мэндэд аюул заналхийлсэн асуудлыг хурцаар тавьсан олон жишээ баримт бий. Жишээ нь, 2010 оны 6-р сарын 15-ны өдөр АНУ-д “Депью Ортопедик”-ийг анх шүүхэд өгч, улмаар тухайн суулгац асуудалтайг эртнээс мэдэж байсан боловч өвчтөн төдийгүй мэс засалч нарт болзошгүй эрсдэлийн талаар мэдэгдэх ямар ч арга хэмжээ аваагүй гэж үзсэн байдаг.
Мөн Энэтхэг улсад нийт 4,700 хүн тухайн түнх солиулах мэс ажилбарт орсон байдаг. Энэтхэгийн засгийн газраас алдаатай түнхний мэс ажилбарт орсон өвчтөн тус бүрт  “Жонсон Энд Жонсон” компаниас 2 сая рупи буюу 27,812 ам.доллар олгохыг шаардаж зарга үүсгэсэн нь бий. “Жонсон Энд Жонсон” компани нь чанаргүй түнх суулгуулсан өвчтөнүүдийн оношлогоо болон мэс заслын зардал болох 2,25 сая ам.долларыг  өмнө нь олгосон  боловч Энэтхэгийн засгийн газраас тус мөнгөн дүнг нөхөн төлбөрт тооцохгүй гэж үзсэн байдаг.
Блүүмбэргээс “Жонсон & Жонсон” компани нь чанарын шаардлага хангахгүй  түнх олон нийтэд борлуулж тухайн төхөөрөмжийн эрсдэлийг олон нийтээс нуусантай холбоотойгоор гаргасан олон мянган нэхэмжлэлүүдийг барагдуулахын тулд 400 гаруй сая ам.долларыг төлөхөд бэлэн байгаа талаар мэдээллэв.
12-р сард болсон 9 шүүх хуралдааны үеэр “түнх солих төхөөрөмжийн гаж нөлөөтэй холбоотойгоор гаргасан 10,000 зарга нэхэмжлэлийн 3,300 гаруйг шийдвэрлэсэн болон шийдвэрлэх үе шатандаа явж байгаа” хэмээн шүүгч хэлсэн байдаг. Энэхүү шийдвэрлэх үйл явцтай холбоотой баттай эх сурвалж болон нэрээ нууцалсан мэдээлэлээс үзэхэд “Жонсон & Жонсон” компани нь өөрийн эсрэг гаргасан нийт 413 сая ам.долларын нэхэмжлэлийн 1/3-ийг шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэл тус бүрт дундажаар 125,000 ам.долларыг төлөхөөр зөвшөөрсөн байна. Мөн тус эх сурвалжын дагуу “Жонсон & Жонсон” компани нь 2019 оны 01-р сарын 14-нд Даллас хотод болох шүүх хурлаас өмнө үлдсэн нэхэмжлэлүүдийг барагдуулах арга эрэлхийлж байгаа юм байна.
Энэ мэтчилэн гадны улсууд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийг шүүхэд өгөөд зогсохгүй иргэдийнхээ эрүүл мэндэд учруулсан нөхөн олговорыг нэхэмжилсэн байдаг. Гэтэл Монголд эсрэгээрээ. Юун иргэдийн эрүүл мэнд. Харин ч өвчиндөө шаналсан нэгэн дээр бизнес хийж, амь насанд нь заналхийлж байх жишээтэй.
АНУ-ын Эм, хүнсний захиргаа хэмээх хяналтын алба руу ганц хандахад л тус компанийнбүтээгдэхүүнийг зах зээлээс татсан, чанаргүй бүтээгдэхүүн гэдгээ хүлээн зөвшөөрсөнийг мэдэх боломжтой. Харамсалтай нь, ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайханд энэ тийм ч хамаатай зүйл биш бололтой.
А.Гэрэл
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.