С.Эрдэнэ намынхаа гишүүдийг цагдаагаар дарамтлуулжээ

c697edbdef82db7d70194069a91abd9bБаримт-1

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт  хийхээр очсон боловч хөөгдөж туугдан буцжээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговьчууд Ардчилсан намын нэр хүндийг шороотой хутгаж буй С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтах нь зүй ёсны хэрэг. С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсаныг эгэл жирийн гишүүд нь өөр зуураа “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгч боллоо хэмээн жиг жуг хийж байна.

Баримт-2

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Өвөрхангай аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийхдээ өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэж буй гишүүдээ дарамталж, айлгах арга хэмжээг урьдчилан авчээ. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дэд дарга П.Алтангэрэлд аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж, С.Эрдэнийн уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж, Зөрчлийн тухай хуулийн олон заалтыг сануулан улсын сүрийг үзүүлсэн байна.

Баримт-3

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоног буюу 2019 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд тусгай удирдамж, тушаал шийдвэртэй хэд  хэдэн жагсаал, цуглаан зохион байгуулсан. Гэтэл эдгээр жагсаал, цуглаан нь албан ёсны зөвшөөрөлгүй байсныг ЦЕГ-аас олон нийтэд мэдээлсэн юм.

Дээрх гурван жишээнээс хэд хэдэн дүгнэлт гарч байна. Нэгт, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ айдас хүйдэстэй байна. Айсан хүнд аргал хөдөлдөг болохоор алхам бүртээ амиа хоохойлох арга чарга хийж байна. Өвөрхангайд болсон явдал үүний тод жишээ болов. С.Эрдэнэ уриа лоозон барьж, шударга шүүмжлэл, шаардлага тавьсан гишүүнээ цагдаагаар далайлган сүрдүүлэх шалтгаан юу байв. Яагаад намынхаа гишүүдийн шүүмжлэлийг сонсохгүй байна вэ?

Хоёрт, С.Эрдэнэ өөрөө хууль, дүрэм зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулсан нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс бусдыг жагсаал, цуглаан битгий хий гэж айлган сүрдүүлэх ёс зүйн эрх түүнд байхгүй. Өөрийн толгой дээрх бутыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг л энэ байх. Энэ жишээн дээр л гэхэд С.Эрдэнийн зарчимгүй, ёс зүйгүй зан авир харагдаж байна. Өөрөө хууль дүрэм зөрччихөөд бусдыг хууль дүрэм мөрдөхийг анхааруулна гэж юу байх билээ. Яг үүн шиг Ардчилсан намыг ардчилалгүй болгочихоод ямар үзэл баримтлалаа орон даяар танилцуулж явааг ойлгоход бэрх. Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлал бол ардчилал, хүний эрх, шударга ёс байсаар ирсэн. Одоо харин энэ бүхэн байхгүй болсон. Намын даргынхаа уулзалт дээр гишүүд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй дарангуйлал Ардчилсан намд хэдийнэ тогтжээ.

Үгээ хэлэх гэсэн шударга гишүүдээ хууль, журмаар сүрдүүлэн амыг нь барихыг оролдож буй С.Эрдэнэд өөрт нь хуулийг хатуу сануулах цаг болжээ.

Б.Дорж

www.Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.