Хурган дарга нарын мөнгө цохих шинэ суваг “шар хаалга”

241574-20062019-1561020825-490799076-1Screen_Shot_2019-06-20_at_4.52.11_PM_copyТЭРБУМ ТӨГРӨГИЙН “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ЫГ НУРААХДАА ТУЛБАЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

Ердөө хэд хоногийн өмнө төв замуудын голоор татсан шар хашааны “паян” дуусаагүй байхад гарцан дээгүүрх хаалгаар шинэ “сюрприз” барилаа. Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын замын голын цэцэрлэгт байгууламжид барьж буй улбар шар зүйлийг хаалга гэхэд ч хаашаа юм. Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн хэлснээр “гэрэлтүүлэгтэй гарц” гэж энд нэрлэе.

Гэхдээ нийтлэлийн агуулга нэрэнд биш, харин тэр улбар шар өнгөтэй, төмөр гарц хотын иргэдийн тав тухыг хангахад ямар үүрэгтэй вэ гэдэгт байна. Замын гарцны гэрлэн дохио нь ажиллаж, цагаан шугам нь харагдаж л байвал хэрэгцээ шаардлага хангах биш үү. Хоёр урсгалт зам хоорондох тусгаарлах зурваст шөнөдөө гэрэлтдэг тод өнгийн төмөр карказтай төстэй рам босгосноор иргэд гарцаа олж гарах ач холбогдолтой гэж Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл хийх вий. Бороо, салхинаас хоргодох ч боломжгүй, харин ч нурж ирээд, дарж алчихмаар эдгээр байгууламж чухам юунд хэрэгтэй вэ.

Бороо, салхинаас хоргодох ч боломжгүй, харин ч нурж ирээд, дарж алчихмаар эдгээр байгууламж чухам юунд хэрэгтэй вэ.

Эдгээр асуултдаа хариулт авахаар холбогдох албаныхнаас тодруулав. Юуны түрүүнд энэхүү ажилд нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулж буй гэдэг баримтыг авлаа. Энэ бол Арьс ширний үйлдвэрийн 20 айлын байрыг нураагаад, 40 айлын орон сууц шинээр барихаар төсөвлөсөнтэй дйүцэхүйц хэмжээний мөнгө.

“Сайн констракшн” компани энэ мөнгөний гүйцэтгэлд дээр дурдсан гэрэлтүүлэгтэй гарцыг хийхээс гадна зарим автобусны буудлыг тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хогийн сав, чулуун сандал зэргийг байршуулж, замын хоёр талд сараалжин хашаа хийхээр төлөвлөсөн гэдгийг тус компанийн ажилтан Ж.Эрдэнэбат ярилаа. Мөн “Байгаль эх” хөшөөт цогцолборыг шинэчилж, усан оргилуур бий болгох аж. Сонсоход их ажил мэт боловч зун бүр л нийслэлийн гудамж, талбайд хийдэг урсгал засвар, тохижилт үйлчилгээ биш гэж үү.

• Нэг тэрбум төгрөг бол Арьс ширний үйлдвэрийн 20 айлын байрыг нураагаад, 40 айлын орон сууц шинээр барихаар төсөвлөсөнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө.
• Хэний ямар шалгуураар, хаанаас гаргасан зураг төслөөр үүнийг хийхийг зөвшөөрчихөв.
• Нийслэл нь дүүрэг рүү, дүүрэг нь эргээд нийслэлд нялзааж байгаа энэ ажлын ард “но” байгаа учраас бие бие рүүгээ түлхэж, цэвэр үлдэхийг хүсэж буй нь сонирхол татаж байна.

Хэний ямар шалгуураар, хаанаас гаргасан зураг төслөөр үүнийг хийхийг зөвшөөрчихөв. Гудамжны өнгө үзэмжийг лав л чимсэнгүй, харин ч гутааж байна. Өнгөний хувьд ч, хэлбэр хийцийн талд ч тэр. Дэлхийн улс орнуудын томоохон хотууд, тэр дундаа нийслэлд өнгөний код гэж бий. Ямар ч бүтээн байгуулалт тэрхүү кодчилсон загварыг шингээж батлуулдаг жишигтэй. Харин манайд хэн дуртай нь санаанд орсон өнгө загвараараа хотоо “чимдэг” бололтой.

Нийслэлийн дунд түвшний хурган дарга нар сонгуульт хугацаа нь дуусахаас өмнө амжиж мөнгө “идэх” гэсэн шахаа нь элдэв өнгийн хаалт, хашилт, хаалгаар илэрч байна гэсэн хардалт өөрийн эрхгүй төрнө. Тэд үлдсэн хугацаандаа үүнээс ч илүү “сюрприз” барихаар төлөвлөж байгаа даа гэхээс дотор харанхуйлж байна.

Аймаг, сумын дарга нар хаалга барьж мөнгө цохидог бол нийслэл дүүргийнхэн бродюр солих замаар ашиг унагадаг арга нэгэнт ил болсон. Тэгвэл төсвийн хөрөнгөнөөс цохих шинэ арга сэдэж олсон нь энэ төмөр сараалж бололтой.

Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажил хийх нь зүйн хэрэг. Гэхдээ нэг шуурга, ганц бороог тэсэхгүй юм бол юуных нь тохижилт байх билээ.

Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Б.Ариунбат “Баянгол дүүргээс асуу. Нийслэлд хамаагүй. Манайх зөвхөн хяналт тавьж байгаа” гэсэн бол харин Баянгол дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун “Манай нутаг дэвсгэр дээр хийж байгаа болохоос биш нийслэлийн төсвөөр барьж буй ажил. Баянгол дүүрэг санаачлан хийсэн бол дүүргээс төсөв гаргах байсан” гэх хариултыг өгсөн юм. Нийслэл нь дүүрэг рүү, дүүрэг нь эргээд нийслэлд нялзааж байгаа энэ ажлын ард “но” байгаа учраас бие бие рүүгээ түлхэж, цэвэр үлдэхийг хүсэж буй нь сонирхол татаж байна. Аль нэг төсвийн байгууллагаас мөнгө гаргасан учраас л урдаас оруулж ирсэн улбар шар төмрүүдээ угсарч эхэлсэн байлтай.

Ер нь нийслэл, дүүргийн дарга нарын мөнгө цохих арга нь агаарын бохирдолтой тэмцэх, замын бродюр солих, хашлага, тохижилтын ажил гэх мэт хэдэн сувгаар урсдаг. Харин одоо гарцан дээрх хаалга нэмэгдэж байгаа бололтой.

720 орчим сая төгрөгөөр барьсан шар хашаанууд ганц шуурганы ая даахгүй нурж унан, тараа таниулсан. Түүний өмнө замын зарим уулзвар дээр хааж тавьсан хуванцар хаалт энгийн салхинд хийсч унаад байсан тул тоосгоор дээр нь даруулж, торгоосон нь одоо ч хэвээр. Халуунд хайлаад гулзайчихдаг, өвөл нь хөлдөөд хагарчихдаг замын голын шонгууд бас л үүний жишээ. Гэрэлт гудамжийг будсан шатрын хөлөг борооны дараа арилчихсан хөг ч бий.

Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажил хийх нь зүйн хэрэг. Гэхдээ нэг шуурга, ганц бороог тэсэхгүй юм бол юуных нь тохижилт байх билээ. Жил бүр л III, IV хорооллын замын тусгаарлах зурвас энэ хэсэгт шугамын засвар хийхээр ухаж сэндийчин, иргэд хэрэглээний халуун усаа хаалгаж зусдаг байсан үе саяхан. Тэрбум төгрөгийн “бүтээн байгуулалт” шугамын гэмтлээс болж нураахдаа тулбал хэн хариуцлага хүлээх вэ. Гүйцэтгэгч компаниас энэ эрсдэлийг тооцож үзсэн эсэхийг асуухад “Тийм зүйл болохгүй” гэх товчхон хариулт өгсөн юм. Харин ч илүү ажил, нэмэлт хөрөнгөөр засаж сэлбэх шаардлага гардгийг эрх биш ойлгодог баймаар.

Г.Санжааханд

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.