“ОВООЛСОН ШОРОО”-ны гэрч нь М.Энхсайхан байв уу?

712-1542702122image_660М.Энхсайхан 2013 онд “ТЭЗҮ-гүйгээр төмөр замын далан шороо овоолж болохгүй шүү дээ” гэж хэлээд, ажлаасаа халагдаж байв.

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй сэжигтнээр баривчлаад сулласан нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийг дунд шуугиан дэгдээлээ. Суллах үндэслэлийг “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан” гэсэн ч баривчилсан үндэслэл нь хуулийн заалтгүй байсан нь олон нийтийг гайхашруулж, битүү айдас хүйдэс нийгмийг бүрхсэн нь тоглоом бус үнэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд очиж,  Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа  гадныханд үнэгүй өгөх гэж байсныг дурдаж, 178 хуудас материалыг шалгуулахаар иргэн хувиар өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу ч хуулийн байгууллага шалгалтаа явуулж байгаагийн илрэл гэж Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сэжигтэнээр татсан ажиллагааг олон нийт харж болох. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гэхээсээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын улс төрийн зөрчилтэй байр суурь өнөөдрийг үйл явцаар үргэлжилж байгааг ажиглагчид дүгнэж байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад М.Энхсайхан “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан. Ингэхдээ  тухайн үеийн Зам тээврийн сайд, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг нарийн царигаар тавих нь зүйтэй гэж үзэн салбарын сайдтайгаа ам мурийснаас үүдэлтэй.

Өмнөх 2008-2012 оны парламент Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод эхний ээлжинд Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн паркаас ОХУ руу тавих төмөр замын суурь бүтэц буюу төв магистралыг өргөн царигтайгаар барьж байгуулах, харин хоёр дахь ээлжинд баригдах урд хөрш рүү чиглэсэн өмнөд төмөр замын царигийн асуудлыг тухай бүрт нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасах.  Учир нь өргөн царигийн төмөр замыг одоогоор зөвхөн ОХУ-д хэрэглэж, өмнөд хөрш болон Азийн бусад орнууд нарийн царигийн төмөр замтай байгаа. Тиймээс ачаа эргэлт болон ачиж, буулгах хурдаа бодсон ч өмнөд хөрш рүү түүхий эд тээвэрлэх төмөр замыг нарийн царигаар тавих нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн байр суурь УИХ-ын гишүүдийн олонхид байсан ч тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулгын хүчин чармайлтаар энэ асуудал хойшлогдсоор, өнөөдөр   ч хэрэгжээгүй хэвээр байна. Тухайн үед салбарын сайд нь “Монголын төмөр зам”-ын  Засгийн бодлоготой харшилсан үндэслэлээр чөлөөлөх хүсэлтийг холбогдлох ТӨХ-нд тавьж шийдвэрлүүлсэн байдаг.  Шинэчлэлийн Засгийн газрын үед ТӨХ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдэлд шилж, ХХААХҮ-ийн сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон үе.

Өнгөрсөн парламентад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт М.Энхсайхан Монгол Улсын сайдаар ажиллаж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Гэхдээ энэ төслийг “Хоёр сая хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр  З.Энхболдын парламент батлалгүй буцаасан. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга батлагдаагүй буцаагдсан төслийн нооргийг шалгуулж, баривчилгаа явуулж байна гэж ажиглагчид хэлж байна. Тэрбээр “Тавантолгой”-н гэрээ, төмөр замын талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн байр суурин дээрээ хатуу зогсдог. “Х.Баттулга Тавантолгой төслийг хоосон улстөржүүлдэг популист сэтгэлгээнээс холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна” гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийг “Өнөөдөр ч түмэн цэргээр төмөр зам бариулах үлгэрээ яриад явна” гэж шүүмжилдэг.

Тэгээд ч  “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээгээр Гашуунсухайтын төмөр замыг барихад төсөвлөсөн 280 сая ам.долларын асуудал хөндөхөөр байсан юм билээ. Одоогийн Ерөнхийлөгчид хаяглагддаг “овоолсон шороо” болсон 280 сая ам.долларын хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт үргэлжилсээр байдаг.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын хооронд өрнөж ирсэн “төмөр зам” тойрсон дайсагнал баривчилгаагаар үргэлжилж байгаа юм. Тиймээс ч төмөр зам бус “овоолсон шороо” болсон 280 сая ам.долларын гэрч М.Энхсайхан байв уу гэсэн хардлага, таамаглал баривчилгаатай зэрэгцэн өрнөлөө.

Н.Энхлэн

http://www.shuud.mn/a/510189


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.