П.Ганхүү: Монголчууд дугуйн спортод амжилт гаргах боломж, ирээдүй бий

3cff276889944ca8de5f36fb32a88ead30f8dda4Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн тэмцээн нь Монголын дугуйн холбоо үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж буйгаараа онцлог юм. Улсын чанартай хамгийн том уралдаанд 10 гаруй клубын 60 орчим мэргэжлийн тамирчин 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорих юм.

Энэ удаагийн 47 дахь дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Швейцарь улсад зохион байгуулагдсан 2016 оны Трек дугуйн залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярт Спортын олон улсын хэмжээний мастер цолыг гардууллаа. Мөн хэд хэдэн тамирчинд спортын зэрэг цол олгох үйл ажиллагаа болсон юм.

Тэмцээний үеэр Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүүгээс УАШТ болон ирэх 2020 онд болох Токиогийн олимпод хэрхэн баг тамирчдаа бэлдэж байгаа талаар тодрууллаа.

-Энэ удаагийн тэмцээн хэдэн төрлөөр болж байгаа вэ. Тэмцээнд ямар шилдэг тамирчид өрсөлдөж байна вэ?

-Бөөн гараатай холын зайн уралдаанд улсын хэмжээний 10 гаруй клубын 60 гаруй мэргэжлийн тамирчин 150 километр зайд өрсөлдөж байна. Тэмцээний маршрутын дагуу Дундговь аймаг руу 75 километр уралдаад буцаж ирэх юм. Монголын дугуйн холбоо байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж буй учир энэ удаагийн тэмцээнийг илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна.

-Түүхт ойтой давхцаж буй 47 дахь удаагийн УАШТ нь ямар онцлогтой болж байна вэ. 60 жилийн ойг угтаж холбооны зүгээс ямар ажлууд төлөвлөөд байгаа вэ. Манай дугуйн тамирчид 2020 оны Токиогийн олимпийн эрх авах болзлоо хэр зэрэг хангаж байна вэ?

-Холбооны зүгээс 60 жилийн ойг угтаж олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь Улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд үүнийг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Хамгийн чухал нь ирэх 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байна. Манай улсын дугуйн тамирчид 1992 оны Барселоны наадмаас хойш олимпод оролцож чадаагүй байгаа. Тиймээс бид олимпийн эрх цуглуулах цуврал тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, тодорхой амжилт үзүүлэхээр зорьж байна. Та бүхэн манай Б.Тэгшбаярыг сайн мэдэх байх. Залуучуудын дэлхийн аварга маань Украины багт бэлтгэл хийж байгаа. Мөн өмнө нь хэд хэдэн тамирчид Францын багтай бэлтгэл хийгээд ирсэн. Энэ мэт тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг хангах ажлуудыг хийж байна.

Зөвхөн мэргэжлийн спортын талаасаа гэлтгүй Улаанбаатар хотын захиргаатай хамтраад нийтийг хамарсан эрүүл мэнд, спорт, зөв амьдралын хэв маягт уриалсан хэд хэдэн ажил төлөвлөгдсөн бөгөөд эхнээсээ зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд дугуйн спортыг сонирхож, бүх нийтээрээ дугуй унах нь эрс нэмэгдэх болсон. Цаашид энэхүү спортыг хөгжүүлэх нь иргэдийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягт нэн тустай. Тиймээс нийслэлд дугуйн замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж байна.

П.Ганхүү: Монголчууд дугуйн спортод амжилт гаргах боломж, ирээдүй бий

Залуу үеийн тамирчдыг бэлтгэж хөгжүүлэх нь манай холбооны чухал зорилгын нэг. Ялангуяа манай дугуйн холбооны гишүүд болон клубууд маань энэ тал дээр маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клуб нь тус тусдаа залуу тамирчдыг гаргаж ирж, бэлдэх, дэмжих асуудалд чармайлт гаргаж ажиллаж байгаад холбооны зүгээс их талархалтай байгаа.

Монгол хүний хувьд богино зайн, тэсрэлттэй, ханан тойргийн буюу трек дугуйн төрөлд өндөр амжилт гаргах боломжууд харагдаж байгаа. Тиймээс энэ чиглэл рүү хүүхдүүдээ багаас нь бэлдэх шаардлагатай. Манайд хүүхдүүд багаасаа морь унадагтай адил бүгд л дугуй жийдэг. Энэ утгаараа ч бидэнд дугуйн спортоор амжилт гаргах бололцоо байна.

Б.Тэгшбаяр: Эх орноо төлөөлөн олимпод оролцохын төлөө зүтгэх болно ОУХМ, Терк дугуйн залуучуудын дэлхийн аварга

-Миний хувьд 2019 оны улиралд Украины Евро турын баг болох “Ukraine Pro Cycling” гээд багтай хамтарч уралдаж байгаа. Энэ оны эхээр хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Хоёр ч тэмцээнд мөнгөн медаль хүртсэн чамлахааргүй амжилт үзүүлээд байна. Ирэх долдугаар сараас эхлээд олимпийн оноо цуглуулах тэмцээнүүд эхэлнэ. Хятад, Индонез, Солонгос, Малайз, Польш улсад ээлж дараалаад олимпийн оноо өгөх өндөр ач холбогдолтой уралдаанууд болно. Тиймээс эдгээр тэмцээнд оролцоод оноогоо цуглуулаад явах болно. Миний хувьд эх орноо төлөөлөн 2020 оны Токиогийн олимпод оролцохын төлөө бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа зарцуулах болно.

Мөн энэ өдөр дэлхийн бүх улс оронд дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж буй бөгөөд олимпийн наадамд оролцох тамирчдын оноог дүгнэх хариуцлагатай мөч юм.

П.Ганхүү: Монголчууд дугуйн спортод амжилт гаргах боломж, ирээдүй бий


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.