Швейцарын элчин сайдын яамыг Монголд нээхээр ярилцаж байна

olloo_mn_1561354279_b3ff1b37-59d2-4d8d-80e0-193d4cbe6d0dМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр (2019.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ой 2019 онд тохиож буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. Тэрбээр “Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй биднийг зах зээл, ардчиллын замд шилжихэд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн хандивлагч, дэмжигч орон. Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэг нь хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Энэ хэрээрээ олон монгол хүний амьдрал ахуйд тус дэм болсон, бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсэнд бид бүхэн их талархалтай байдаг.

2018-2021 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад 100 сая швейцар франкын буцалтгүй тусламж үзүүлж ирсэн” хэмээн талархал илэрхийлэв. Цаашид Хамтын ажиллагааны стратегийн хамрах хүрээг өргөжүүлэн 2022 оноос Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлэх туслалцаа дэмжлэгтээ нэн тэргүүнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, засаглалыг сайжруулах чиглэлээр тусламж, хөгжлийн дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж, хүсэлтээ тавиад байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэллээ.

Мөн Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцаж байгаа бөгөөд асуудлыг судалж, нааштайгаар шийдвэрлэнэ хэмээн найдаж, хүсэлтээ илэрхийлсэн байна. Уг асуудалд Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэн хэлэв.

Хатагтай Марина Кароббио Гүшэтти “Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Гурван сарын өмнө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад айлчилж, бид хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэлээ. Мөн хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ. Тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурдав. Үүн дотроо бэлчээрийн тогтвортой менежментийг сайржуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгааг Хатагтай Марина Кароббио Гүшэтти онцолсон юм. Түүнчлэн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, өргөжиж байгааг тэмдэглээд “Хоёр орны парламентын Тамгын газрууд мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийх ажлууд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа их дээд сургуулид, тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хамтран ажиллах боломж бий гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инновац, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн баяжуулна гэдэгт итгэлтэй байгаа төгсгөлд нь хатагтай Марина Кароббио Гүшэтти хэллээ.

Хатагтай Марина Кароббио Гүшэттигийг хийж буй айлчлал хоёр орны ард түмэнд өндөр үр өгөөжтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөв. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.  


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.